"ОЮУ ТОЛГОЙ" 2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

A- A A+

Нийт ажилтан, орон нутгийн ард иргэдийн аюулгүй ажиллагаа болон сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна

Нэг тонн хүдэр боловсруулахад нөхөн сэлбэлтээр авсан усны хэмжээгээ доод түвшинд хадгаллаа

Татвар, хураамж болон бусад төлбөрт 2022 онд 980 тэрбум төгрөгийг зарцуулав

Гүний уурхайн 19 хүдэр буулгуур амжилттай тэслэв

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулсан 2022 оны Шилдэг аж ахуйн нэгж – Гран при шагналын эзэн болов

Баяжмал дахь зэс, алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүллээ

Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх бэлтгэлийг онцгой ахиуллаа

Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2022 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа өнөөдөр танилцууллаа.

2022 онд Оюу толгой үйлдвэрлэлээ амжилттай өрнүүлж, нэгдүгээр сард хийсэн гүний уурхайн огтлох малтлагаас хойш бүтээн байгуулалтаа ахиулан ажиллаж, Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулжээ.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй шилдэг, онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренер-2022” ёслолын ажиллагаанаас “Оюу толгой” компани “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарч, Гран при шагналыг анх удаа гардан авлаа. “Оюу толгой” компанийн 2010-2022 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөгийг давсан ба тус дүнгийн 75 хувийг дотоодын худалдан авалтад зарцуулжээ.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак ван Тондер “Өмнийн говьдоо урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдалд дэлхийн жишигт нийцсэн уурхайг бүтээн байгуулж буй уурхайчдаараа би бахархаж байна. Манай баг, хамт олон аюулгүй ажиллан сар бүр тогтмол өндөр бүтээмжтэй ажиллалаа.

2022 оны эхээр үндэсний хэмжээнд цар тахлын дараах шинэ хэв маягт шилжиж эхэлсэн цаг үед бид гүний уурхайн үйл ажиллагааны нээлтээ нэгдүгээр сард хийсэн билээ. Үнэхээр бахдам, онцлон тэмдэглэх үйл явдлыг хамтдаа тэмдэглэсэн. Түүнээс хойш бид өнөөг хүртэл нийт 19 хүдэр буулгуурыг тэсэлсэн байна. Эргэн дүгнэн харахад бид богино хугацаанд гайхамшигтай амжилт үзүүлжээ. Мөн бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” төслийг тууштай дэмжиж, энэ онд Улаанбаатар хот, Өмнөговь аймаг болон уурхайн талбарт нийт 50,000 орчим мод тарьсан. Үүний сацуу Ханбогд суманд шинээр баригдсан орон сууцны хороолол тэргүүтэй ажлуудыг дэмжиж, “Ханбогд сумын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө”-ний дагуу тодорхой ахиц гаргажээ.” гэв.

Үйл ажиллагааны тайлан

Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.19 байлаа.

Оюу толгой нь усны үр ашигтай хэрэглээгээрээ ижил төстэй зэсийн уурхайнуудаа тэргүүлэн ажилладаг бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж байна. Уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг усны алдагдалгүй байхаар загварчлан, усны дахин ашиглалт хамгийн дээд түвшинд байхаар тооцсоны дагуу үйлдвэрлэлийн усны 85-аас дээш хувийг дахин ашиглаж байна. Үйл ажиллагаандаа ашиглаж буй усны хэрэглээг сайжруулах чиглэлээр орон нутаг, үндэсний хэмжээнд бүхий л талуудтай хамтран ажиллаж стратегиа боловсруулах ба усны асуудлаар оролцогч талуудтай түншлэн, тогтвортой шийдэл гарган ажиллана.

Нийт ажилтны 97 хувь нь монголчууд байна.

Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 314 сая ам.доллар буюу 980 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газарт төлсөн. Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 4 тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.

Дөрөвдүгээр улирлын байдлаар 863 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 567 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.

Дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

Үйлдвэрлэлийн мэдээлэл

Уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар бага байлаа. Уурхайн төлөвлөлтөөс улбаалан баяжмал дахь алтны олборлолт мөн өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улиралтай харьцуулахад нэлээд буурсан (0.21гр/т ба 0.38гр/т).

 

Техникийн үйл явц

Дөрөвдүгээр улирлын эцсийн байдлаар нийт 19 хүдэр буулгуурыг тэсэлсэн. Оюу толгойн баг хамт олны хэрэгжүүлсэн сайжруулалтын санаачилгын үр дүнд хүдэр буулгуурын тэсэлгээний ажил ихээхэн ахиж, Панель 0-ийн тогтвортой үйлдвэрлэл буюу олборлолтыг 2023 оны эхний улиралд (өмнө нь 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байсан) эхлүүлэхээр байна.

Өнгөрөгч оны 12 дугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил газрын гүнд 378 болон 507 метрт хүрлээ. Босоо нэвтрэлтийн явцад аюулгүй ажиллагааны шаардлагаас үүдсэн түр зогсолтуудаас хамаарч дөрөвдүгээр улирлын ажлын гүйцэтгэл 2022 оны урьдчилсан төлөвлөгөөнд[1] туссанаас хоцрогдолтой гарлаа. Агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил 1,148 болон 1,149 метрт хүрснээр дуусах юм. Хүдрийн биетийг газрын гадарга уруу тээвэрлэх туузан дамжуулагчийн барилга угсралтын ажил дөрөвдүгээр улирлын турш үргэлжилсэн ба тус хугацаанд барилгын ажил дуусаж, бүтээн байгуулалтад ажиллах бусад гүйцэтгэгчдийг уурхайн талбарт хүлээн авлаа.

Панель 1 болон 2-ын судалгааны ажлыг (уг хоёр панелиас олборлож эхэлснээр өдөрт 95,000 тонн хүдэр олборлох боломжтой болно) 2023 оны эхний хагаст дуусгах төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна. Өмнөх тайлангуудад дурдсанчлан 2022 онд үүссэн КОВИД-19-ийн хязгаарлалт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг эрэмбэлэх шаардлага үүсэж байсантай холбоотойгоор агааржуулалтын урд, хойд амын ажил саатсантай холбоотой үүсэх аливаа агааржуулалттай холбоотой асуудлыг судалгааны ажилд хамруулан тооцохоор байна.

Улирлын туршид Рио Тинто болон Монгол Улсын Засгийн Газар Оюу толгойн гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл буюу олборлолтыг эхлэх түүхэн чухал алхамд хүрэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ гүний уурхайн үйл ажиллагааг 2022 оны 1 дүгээр сард нээж, талууд харилцаагаа сэргээн шинэчлэх боломжийг бүрдүүлсэн Монгол Улсын Их Хурлын 103 дугаар тогтоолд туссан бусад арга хэмжээг авахаар ажиллаж байна.

[1] Шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллыг 2022 оны 06 дугаар сард гаргаж, Хойд Хюго 1 төслийн нийт зардлыг 7.06 тэрбум ам.доллар байхаар тооцов(2020 оны шинэчилсэн тооцоолоос 0.3 тэрбум ам.доллароор өссөн). Тооцооллыг Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөл хянана.

Бусад мэдээлэл

Рио Тинто нь Туркойз Хилл Ресурсыг худалдан авах болсноор Оюу толгойн хувьцааны 66 хувийн эзэмшигч болж байна. Ингэснээр Рио Тинто Монгол Улсын Засгийн Газартай харилцах харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бүрэн анхаарч, төслийн засаглал болон эзэмшлийг илүү ойлгомжтой бөгөөд хялбар болгон төслийг урагшлуулах боломжтой боллоо.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.