Оны эхний есөн сард Засгийн газрын өр өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсөж, 30.8 их наяд төгрөг болжээ
2023 оны эхний есөн сард Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.3 хувиар, Засгийн газрынх гурван хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Нийт гадаад өрийн дийлэнхийг буюу 41.2 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг эзэлж байгаа аж.
Засгийн газрын нийт өр 2023 оны эхний есөн сард 30.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 711.1 тэрбум төгрөг буюу 2.4 хувиар өсжээ. Үүний 94.9 хувийг гадаад өр, үлдсэнийг дотоод өр, өрийн баталгаа, барих-шилжүүлэх төрлийн концесс эзэлж байна.
Монгол Улсын Засгийн газар сүүлийн байдлаар 5.5 жилийн хугацаатай бонд олон улсын зах зээлд гаргаад байгаа бөгөөд Сингапурын биржээр арилжаалагдах энэхүү бондыг босгосноор Монгол Улс 2024 онд төлөгдөх 8.75 хувийн купонтой “Хуралдай” бондыг буцаан худалдан авахаар зорьж байгаа юм. Ингэснээр Монгол Улсын гадаад өрийн тодорхой хувийг төлөх хугацааг хойшлуулах боломжтой болохоор байна.
Мөн өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр дахин санхүүжүүлснээр төлбөрийг дөрвөн сая ам.доллароор бууруулах боломжтой гэж Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Frontier Strategies” компани онцоллоо. 2023 онд Монгол Улс бонд болон бусад өр төлбөрийг багтаагаад 400 сая ам.долларыг гадаад зах зээлд эргэн төлөх хуваарьтай байгааг “TDB Securities” мэдээлж байв.