Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, борлуулалтын мэдээлэл, төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж, цаг үеийн асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
НҮҮРС ЭКСПОРТЫН 42.9 ХУВИЙГ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ЭЗЭЛЖ БАЙНА
Улсын хэмжээнд 2023 оны эхний 5 сарын байдлаар 23.1 сая.тн нүүрс экспортолсны 42.9 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт эзэлж байна. Оны эхний 5 сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1.0 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Үүнээс АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) -д 727.7 тэрбум төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 288.9 тэрбум төгрөг, бусад төрлийн татварт 44.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнөх үеийн хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд гүйцэтгэж байсан нь 15.5 сая.тн байв. Харин 2023 оны эхний 5 сарын хугацаанд нийт 11 сая.тн нүүрс борлуулсан нь өмнөх жилийн дүнтэй дүйцэж байгаа юм. Энэ жилийн борлуулалтыг 30 сая.тн-д хүргэх зорилт тавин ажиллаж байгааг Онцгой бүрэн Эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцууллаа.
Мөн компанид онцгой дэглэм тогтоох үед урт болон богино хугацаат 4,3 их наяд төгрөгийн өр хуримтлагдсан байсныг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авсны үр дүнд нэг их наяд төгрөгөөр барагдуулж, цаашид тогтмол бууруулах ажлыг зохион байгуулж байна.