Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг 1999 онд батлан,  хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан  байна. Таримал ургамлын үр, сортын тухай хууль нь таримал ургамлын удмын санг хамгаалах, шинэ сорт бүтээх, түүнийг сорих, нутагшуулах, бүртгэх, шинэ сортыг өмчлөх, ашиглах, таримал ургамлын удмын санг  хамгаалах, ашиглах болон үрийн тариаланг эрхлэх, сортын цэвэршилт, үрийн чанарыг хянах, баталгаажуулах, үрийн нөөц бүрдүүлэх, захиран зарцуулахтай  холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулж чадахгүй байна гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулгадаа дурдав.

2011, 2016 онуудад  хийсэн судалгаагаар уг хууль нь давхардал, зөрчил ихтэйгээс гадна таримал ургамлын шинэ сорт бүтээх, ашиглах болон үр үйлдвэрлэлтэй холбогдсон харилцааг бүрэн хамарч зохицуулаагүй байна. Иймд шинээр боловсруулсан уг хуулийн төсөл нь 31 зүйлтэй бөгөөд хуулийн зорилго нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлд үрийн чанарын хяналт, баталгаажуулалт, үрийн худалдааг эрхлэх, үрийн импорт, экспорт, үндэсний сортын бүртгэлийг шинээр зохицуулахаар тусгасан. Мөн таримал ургамлын шинэ сортын хамгаалалт, сортын зохиогчийн эрхийг олгох нөхцлийг тусгаж, таримал ургамлын шинэ сорт бүтээхийг төрөөс дэмжих, шинэ сортын мэдүүлэг гаргах, мэдүүлгийг шалгах, түр зуурын хамгаалалт, шинэ сортын зохиогчийн эрх олгох асуудлыг Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын конвенцийн /1991 он/ зарчимд нийцүүлэн боловсруулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Батзориг  нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс монголд хэчнээн сортын үрээр тариалалт эрхэлж байгааг тодруулахын зэрэгцээ үрийн шинэчлэлтийг хэдий хугацаанд хийдэг, үндэсний шинэ сортыг гаргаж байгаа эсэхийг илүүтэй лавлав.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 сортын үрээр тариалалт хийж байгаагаас  5-6 сортын үрээр түлхүү тариалж байна. Шинэ сортын үрээр тариалалт хийгээд дээд тал нь таван жил болсны дараа үрээ сольж, шинэчлэх зохицуулалттай байдаг. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан улсын төсвийн хөрөнгөөр жил бүр,  аж ахуйн нэгжүүд өөрсдийн боломжоор үрийн шинэчлэлт хийдэг хэмээн Ажлын хэсгийн зүгээс хариулт өгөв. Мөн өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд үрийн аж ахуйн тогтолцоог шинээр бий болохоор ажиллаж байна. Салбарын яамнаас 13,14 аж ахуйн нэгжид үрийн тусгай зөвшөөрөл олгож, үүнийгээ түшиглэн үрийг нутагшуулах, тариалах хэлбэрээр үрийн нөөц бүрдүүлэх ажлыг хийж байна. Ингэхдээ Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнг түшиглэн ажиллаж байна.

Мөн өнгөрсөн жил ОХУ-ын Эрхүү мужийн хүрээлэнтэй хамтран тэжээлийн болон улаан буудайны шинэ сортын үрийг оруулж ирэн Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнд нутагшуулахаар ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Цаашлаад Бүгд Найрамдах Казакстан Улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаагаа Ажлын хэсгийнхэн хариултдаа онцлов. Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс, шинэ сортын хамгааллын асуудлыг хуулийн төсөлд шинээр тусгасан. Өнөөдрийн байрлаар монголд шинэ сортын зохиогчийн эрх авсан нэг ч бүтээл  бүртгэгдээгүй. Шинэ сорт бүтээх ажил нь нэг багийн 10-15 жилийн хөдөлмөрийн үр шим байдгийг хариултдаа онцолж байлаа.

Ингээд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс