Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

A- A A+
Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын  15-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.  Хуралдааны эхэнд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Засгийн газраас  2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. 

Усны нөөц харьцангуй багатай, байгаа нөөц нь орон зай цаг хугацаанаас ихээхэн хамааралтай, нөөцийн хуваарилалт жигд бус манай орны ус ашиглалтын өнөөгийн хандлагыг эрс өөрчлөх, усны менежментийг оновчтой зохион байгуулахад хүчтэй, чадварлаг, үр дүнтэй засаглалыг дэлхий нийтийн жишгийн дагуу нэн даруй хөгжүүлэх нь чухал байна. Усны салбар нь 80 гаруй жилийн түүхэндээ устай холбоотой асуудлыг нэгдмэлээр хариуцан зохицуулах эрх бүхий Усны аж ахуйн яамтай, мөн 2005-аас 2012 онд Усны агентлагтай байсан.

Усны аж ахуйн яам, Усны агентлаг байгуулагдан ажиллаж байх хугацаанд Монгол орны устай холбоотой асуудлыг хариуцан зохицуулах эрх бүхий бие даасан төрийн байгууллага хэлбэрээр ажиллаж, усны салбарын боловсон хүчнийг тодорхой чиглэлээр мэргэших, ажиллах, усны мэдээллийн цогц, найдвартай байдлыг хангах, судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлж байсан гэдгийг салбарын  сайд танилцуулгадаа дурдсан.

Усны газрыг 2012 онд татан буулгаснаас хойш бодлогын хэрэгжилтийн асуудал хоцрогдож Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг эс тооцвол сүүлийн жилүүдэд устай холбоотой томоохон бүтээн байгуулалт  нэг ч хийгдээгүй байна. Усны нөөц, ашиглалт, хэрэглээний өнөө болон ирээдүйн төлөв байдал, учирч болзошгүй сорилт бэрхшээл, эрсдэлтэй байдалд дүн шинжилгээ хийж, усны нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлж, хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг баталгаатай чанарын шаардлага хангасан хүртээмжтэй, хямд усаар цаг хугацаанд нь хангах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулахад усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үгүйлэгдэж байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Мөн Усны үндэсний хорооны ажлын албыг 2014 онд татан буулгаснаар нийгэм, эдийн засгийн салбаруудын усны талаарх нэгдсэн зохицуулалт алдагдаж, Усны үндэсний хорооны статус, үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхойгүй болж, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол тулгуур, хүний амьдрах эрхтэй холбоотой усны нөөцийг нэгдмэлээр хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны асуудлыг удирдан зохион байгуулах, тогтвортой засаглалыг хөгжүүлэхэд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг нэн даруй байгуулж, усны салбарт үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Иймд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг сэргээн байгуулах болон Усны үндэсний хороог усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж өгөх, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөл болгохоор Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа гэж салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ. Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байхыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, цаашлаад мэргэжлийн яам болгон өргөжүүлэх, гадаргын усыг хамгаалах тодорхой судалгаа хийх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын бүтэц, энэ чиглэлийн боловсон хүчинг хэрхэн бэлтгэх, Монгол Улсын гадаргын усны нөөцийн талаарх судалгааны талаар тодруулж байв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэбат хариултдаа, усны мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон бөгөөд энэ чиглэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчинг Унгар улсад бэлтгэх, тус улсын орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, хамтран ажиллахаар тохироод байна гэв. Түүнчлэн 2018 оны Монгол Улсын байгаль орчны төлөв байдлын тайлан мэдээллээс үзвэл нийтдээ 48 гол мөрөн ширгэж, 72 гол мөрөн сэргэсэн.  324 булаг шанд ширгэж, 314 нь дахин сэргэсэн бол нуурын хувьд 155 нь ширгэж, 130 нь дахин сэргэсэн нь сүүлийн хоёр жилд орсон хур тунадастай холбоотой гэхийн зэрэгцээ агентлагын бүтцэд сав газрын захиргаадууд нь шууд харьяалагдана гэж байлаа.

Ингээд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс