Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

A- A A+
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцууллаа. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналыг уг төслийн холбогдох хэсэгт тусгасан байна. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдахгүйгээр хууль зүйн техникийн талаас нь хянаж зохих засвар өөрчлөлтийг хийж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэлээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай Байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томъёолол дэмжигдсэн болохыг танилцуулгад дурдсан.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийн зориулалт, энэ жилийн төсөвт хэр хэмжээний санхүүжилт тусгагдсан болохыг лавлав. Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хариулахдаа, Засгийн газар Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн дэмжсэн учир “Энэрмед” эмнэлгийн байрын тодорхой хэсгийг ашиглах гэрээ хийсэн байгаа гэв.

Санхүүжилтийн асуудлыг одоогоор шийдээгүй хэдий ч эмнэлгийн байрын ашиглах зохион байгуулалт, төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. Цаашдаа Хавдар судлалын үндэсний төв дээрх барилгыг өргөтгөл болгон ашиглах тохиолдолд 19.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэдэг тооцооллыг холбогдох талууд гаргасан байна. Үүний 5.9 тэрбум төгрөгийг нь тохижилт, тоноглолд зарцуулах бол тус төвийн урсгал зардалд 13 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Үүний 4.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай бол 1.5 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны орлогоос бүрдүүлэх, үлдсэн хувийг даатгалын сангаас санхүүжүүлэх боломж бий гэлээ. Ийнхүү Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс