НҮБ-ын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо

A- A A+
НҮБ-ын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо

 

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ын өдөр буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 74 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр НҮБ-ын байранд зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.

ТНБД Д.Даваасүрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын зүгээс Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд манай улсын тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цаашид илүү идэвхитэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тэмдэглэсэн байна.

Тэрбээр цааш хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар манай улсын нийт хүн амын гуравны нэг хувийг эзэлдэг хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад тэргүүлэх ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэ жил НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийн 30 жилийн ойг тохиолдуулан шинээр гаргасан “Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 30 жилийн ой – Дэлхий нийтийн үйл хэрэг” санаачилгад нэгдэж, үүрэг амлалтаа дахин нотолсныг дурдав.

Улмаар ГХЯ-наас хүүхэд залуучуудад “энхтайван”-ны үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор өнгөрсөн 4 дүгээр сард санаачлан хэрэгжүүлсэн Рeacebook Форум санаачилгын талаар мэдээлж, цахим Олон улсын харилцааны Peacebook сэтгүүл бий болгох санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байгааг мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам