ААН-үүдийн худалдаалж буй АИ-92 автобензин стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогджээ

ААН-үүдийн худалдаалж буй АИ-92 автобензин стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогджээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 онд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 9 аж ахуйн нэгж /Петростар ХХК, Магнай трейд ХХК, Шунхлай трейдинг ХХК, Содмонгол групп ХХК, М-Ойл групп ХХК, Жаст-Ойл ХХК, Синчи-Ойл ХХК, Монсуль ХХК, Ойн бирж ХХК/-үүдийн борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлэхэд шинжилгээний үр дүнгээр дээрхи 9 аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3 тодорхойлогдсон.

Дээрх 9 аж ахуйн нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш Этилжүүлээгүй бензин Техникийн шаардлага MNS 0217:2017” Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон тул 9 аж ахуйн нэгжид тус бүр 9,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан.

Шийтгэл ногдуулсантай холбогдуулан 8 аж ахуйн нэгж Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандсан ба шүүхээс 6 аж ахуйн нэгжид ногдуулсан шийтгэлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээд байна.