Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний сайд нарын хуралд оролцов

A- A A+
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний сайд нарын хуралд оролцов

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 10 дугаар сарын 24-нд Баку хотноо болж буй Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын хуралд оролцож, Монгол Улсын гадаад бодлогын зорилт, байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр гаргаж буй Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дурдаад хөдөөгийн эмэгтэйчүүд, бичиг үсгийн боловсрол, ардчиллын боловсрол, нийгмийн хөгжил дэх хоршооллын гүйцэтгэх үүрэг зэрэг олон улсын тавцанд Монгол Улсын санаачлан авч явдаг асуудлыг Эвсэлд нэгдэх хөдөлгөөний гишүүд дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Тэрбээр цааш нь “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг манай Засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулав.

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Залуучуудын дээд хэмжээний уулзалтыг анх удаа зохион байгуулсныг сайшааж, Улаанбаатар хотноо энэ оны 6 дугаар сард болсон “Зүүн хойд Ази дахь залуучууд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт анхны бүс нутгийн семинарын талаар мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам