Ерөнхий сайд Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзав

A- A A+
Ерөнхий сайд Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г Эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцох үеэр тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын А.Такэбэ, Т.Фукуда, Н.Сузуки, К.Ооно, Т.Кобаяаши зэрэг зарим залуу гишүүнтэй уулзаж, хоёр орны түүх, соёлын онцлог, харилцаа, хамтын ажиллагааны хөгжил зэрэг сэдвээр найрсаг дотно яриа өрнүүллээ.

Уулзалтад оролцсон гишүүдийн нэг А.Такабэ Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга бөгөөд хоёр улсын найрсаг харилцаанд үе залгамжлан хувь нэмрээ оруулж байна. Түүний аав Ц.Такабэ нь Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга, Японы эрх баригч Либерал Ардчилсан намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Т.Фукуда гишүүний өвөө Т.Фукуда, аав Я.Фукуда нар мөн Японы Ерөнхий сайд байсан бөгөөд өвөө Т.Фукуда-г Гадаад хэргийн сайд байхад буюу 1972 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоож байв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Японы залуу улс төрчид хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэж, гишүүдийг Монгол Улсад зочлохыг урив гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.