Элчин сайд А.Баттөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

A- A A+
Элчин сайд А.Баттөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Андоррын Хант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр 11 дүгээр сарын 8-ны өдөр Андоррын Хант Улсын Хамтарсан эрх баригч, Урхелийн Хамба, Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Энэ үеэр Элчин сайд А.Баттөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын мэндчилгээг уламжилж, цаашид Монгол-Андоррын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт харилцан ашигтайгаар хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Урхелийн Хамба, Эрхэмсэг гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиа Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, шинээр Андоррын Хант Улсад Элчин сайдаар томилогдсон А.Баттөрд ажлын өндөр амжилт хүсэв.

Андоррын Хант Улсын Хамтарсан эрх баригч Урхелийн Хамбад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барихтай холбогдуулан тус улсын Гадаад хэргийн сайд Мария Убах Фонт Элчин сайд А.Баттөрийг хүлээн авч уулзаж хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, аялал жуучлал, соёлын салбарт хөгжүүлэх талаар санал солилцов.

Андоррын Хант Улс нь Монгол Улстай 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улсын төрийн тэргүүний албыг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч болон Испанийн Хаант Улсын Каталон мужийн Урхелийн Хамба нар хамтран хашдаг.  Нийт 468 мкв талбай бүхий газар нутагтай, 80 мянга гаруй хүн амтай тус улс нь татварын хөнгөлөлттэй нөхцөл, аялал жуучлалын таатай орчноороо жилдээ 10 гаруй сая жуулчдыг татдаг байна.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам