Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд батлагдлаа

A- A A+
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд батлагдлаа

 

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын чуулганы хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж, тусган эцсийн хувилбарын төслүүдийг бэлтгэжээ. Мөн хуулийн төслүүдийн үг хэллэг, найруулга, хууль зүйн техникийн хувьд хянан үзэж, зохих засвар өөрчлөлтийг тусгасан байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Архангай аймгийн Хашаат сумыг шилэн кабельд холбох, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Их-Уулын сумын Цэцүүх багийг өндөр хурдны интернетэд холбох, гар утасны үүрэн телефоны сүлжээ бий болгох талаар санал гаргасан ба энэ асуудлаар Байнгын хорооноос холбогдох байгууллагад хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, халамжийг хавтгайруулан олгосноос түүнд зарцуулах мөнгийг хөгжлийн бодлого руу чиглүүлэх нь зүйтэй хэмээгээд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр хөгжлийн бодлого руу, ажлын байр нэмэгдүүлэх чиглэл рүү бус халамжийг хавтгайруулах руу чиглүүлж байгаа учир энэ асуудлыг эргэн харж, аж ахуйн нэгж, ажил олгогчид дарамт үзүүлэхгүй байх тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.      

Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг эцэслэн баталлаа.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс