Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг баталлаа

A- A A+
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Иймээс тус Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нар асуулт асууж тодруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжиж, хуулийн төслийг эцэслэн батлав.

Уг хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй нэгэн адил хүчинтэй байх аж. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар заажээ.

Харин төслийн 2 дугаар зүйлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу бусад хот, дүүрэг, тосгоны өөрийн улирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг судлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ гэж заажээ. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь (Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна) хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ай хуулийн төслийг баталлаа