СЭРЭМЖЛҮҮЛЭГ !!!

СЭРЭМЖЛҮҮЛЭГ !!!

Кени улсын Найроби хотод энэ сарын 11-нээс 14-ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон юм.

Тус бүрэлдэхүүнд багтсан нэг төлөөлөгчид бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч, улмаар халдварт Холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан тул өдгөө тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой, зовиур багассан байдалтай байгаа аж.

Харин бусад 19 төлөөлөгч энэ сарын 16-нд буюу өнөөдрийн гурван нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд өвчний голомтот бүс нутагт зорчсон тул ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГ-ын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж, хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна.

Одоогийн байдлаар, дээрх иргэдэд ямар нэгэн зовиур илрээгүй байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас нислэгийн үед тогтмол мэдээлэл авч, өвчний голомтот бүс нутагт зорчсон гурван онгоцонд цаг алдалгүй халдваргүйтгэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гарган, халдварт Холер өвчний тухай зөвлөмжийг өгч, ямарваа нэг хүндрэл саатал гаргалгүй, зохих журмын дагуу шуурхай арга хэмжээг авч ажиллалаа.

Дашрамд дуулгахад, Кени улсад 2017 оноос хойш халдварт Холер өвчний дэгдэлт гарч байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 3889 хүн өвчилж, 26 (0.7%) хүн нас баржээ.

Иймээс ард иргэд та бүхнийг халдварт Холeр өвчний голомтот бүс нутаг бүхий улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР