Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

A- A A+
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь ус олборлолтоос эхлээд цэвэрлэх байгууламжаас гарсан бүтээгдэхүүн болох хаягдал ус, лагийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ашиглах, устгах, хадгалах, зайлуулах хүртэлх бүхий л шатанд хамаарах цогц үйл ажиллагаа юм. Гэтэл хот, суурин газруудын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник, технологи хуучирч, ихэнх нь бохир усыг стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэлгүй, байгальд шууд хаяж, байгаль орчныг бохирдуулан, энэ нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа дурдсан. Тухайлбал, 2017 оны тоогоор улсын хэмжээнд 130 гаруй бохир ус цэвэрлэх байгууламж бүртгэгдсэнээс хэвийн ажиллагаатай 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 байгаа бөгөөд цэвэрлэх байгууламжийн талаас илүү хувь нь үйл ажиллагааны доголдол, эвдрэлтэй байгаагаас үүдэн жилд 120 сая гаруй м бохир ус байгальд шууд хаягдаж байгаль орчныг бохирдуулдаг байна.Түүнчлэн цэвэрлэх байгууламжид ирсэн бохир усны багагүй хэсгийн төлбөр тооцоог хариуцах эзэн олдохгүй байгаа нь ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг алдагдалд оруулж байгаа аж. Тухайлбал, УСУГ хоногт 150-160 мянган м ус олборлон түгээж, 160,0-180,0 мянган м бохир ус татан зайлуулдаг бол хур тунадас ихтэй зун, намрын улиралд 230 орчим мянган м ус цэвэрлэдэг бөгөөд үүний зөрүү төлбөрийг хариуцах эзэнгүй үлдэхийн зэрэгцээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг байна.Сүүлийн үед ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, байгаль орчин, усны эх үүсвэрийг бохирдуулах зэрэг зөрчил газар авсан. Иймээс ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд гарч буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлага бий болжээ.Дээрх хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.Хуулийн төсөлд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, ус хангамж, ариутгах татуургын хууль тогтоомж, стандарт, норм, дүрэм, журмыг хэрэгжүүлэх замаар хариуцлагыг дээшлүүлэх зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд нийслэлээс гадна зарим аймаг, сумдын иргэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй ус хэрэглэн, эрүүл мэндээр хохирч байгаа талаар онцолж байлаа.Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, экологийн цэвэр усаар иргэдээ хангахын тулд хяналтын механизмыг сайжруулах, энэ чиглэлээр улсын байцаагч ажиллуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэлээ. Мөн хариуцлага тооцохтой холбоотой зохицуулалтуудыг бусад хуульд тусган шийдвэрлэх боломж бий гэдгийг мөн тодруулан хэлсэн.Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс