Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

A- A A+
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

УИХ-ын чуулганы 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. 

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байна.

Эдийн засгийн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Хууль зүйн байнгын хороонд танилцуулжээ. Хууль зүйн байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 2 томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн байна.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс