Хаягдлын аж ахуй дахь үйлдвэрлэлийн хаягдлыг дахин ашиглах боломжийг судалж байна

A- A A+
Хаягдлын аж ахуй дахь үйлдвэрлэлийн хаягдлыг дахин ашиглах боломжийг судалж байна

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэм шинжилгээний багийнхан ХБНГУ болон БНХАУ-ын Засгийн газартай хамтран Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй дахь  үйлдвэрлэлийн хаягдлыг дахин ашиглах боломжийг судалж эхэлжээ. Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл явцаас гарч буй хаягдал материалыг дахин ашиглах, боловсруулах технологи нэвтрүүлэх зорилт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан. Энэ хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын 1.6 сая юанийн санхүүжилтээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг галд тэсвэртэй керамик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эдээр ашиглах боломжийн судалгаа” төсөл хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл, цагаан шороо буюу хаягдлын аж ахуйд хуримтлагдсан элсийг ашиглан барилгын материал үйлдвэрлэж болох эсэхийг тодорхойлно. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдал, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг дахин ашиглах, агаараас тандан судлах” зорилготой төслийг Герман улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Тус улсын 1.8 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа уг төсөл өнөөдрийн байдлаар 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. 

Дээрх төслүүд гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Коронавирусын тархалтын улмаас зарим ажлууд тодорхой хугацаагаар хойшилсон ч судалгааны ажлын гол тайлан, дүгнэлтээ ирэх онд багтаахаар зорьж буйг  “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан орлогч Ц.Төгсбуян, төслийн багийнхан онцоллоо. Судалгааны ажилд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн судалгааны багийнхнаас гадна үйлдвэрийн Геологи маркшейдерийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн инженер, мэргэжилтнүүд хамтарч байгаа аж.