ОХУ-ын мэдлийн орон сууцанд түрээсээр амьдардаг иргэдийн асуудлыг шийдэх боломж бүрдэнэ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны (2019.05.29) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд 1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг зөвшилцөв.
Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийлээ. “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол”, “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулсан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлжээ.
Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийг зохицуулах асуудлаар 1997 оноос хойш 6 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж ирсэн бөгөөд Ерөнхий сайдын 2016 оны 91 дүгээр захирамжаар Монгол Улсад байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн маргаантай асуудлыг зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ.
Манай улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын өмчийн 56 багц барилга байгууламж байдаг агаад эдгээрийг дипломат статустай болон энгийн гэж ангилдаг байна. Дипломат статусгүй барилга байгууламжийн хувьд 49 багц барилга байдгаас нийслэлийн Баянзүрх дүргийн XY хороолол, Баянгол дүүргийн IY хороо, мөн Төв, Дархан-Уул, Орхон, Дорнод аймагт орон сууцны болон бусад зориулалтын барилгууд байдаг аж.
Одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын барилга объектуудаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооллын XYII, XY хорооллын I, YII, XI, XII, XIII байр, Дархан-уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IY байр зэрэг орон сууцны нийт 8 байранд манай улсын 554 өрх айл 1998 оноос хойш түрээсээр амьдарч иржээ. Хоёр талын шинжээчдийн түвшинд эдгээр 8 байрны баримт бичгийн бүрдүүлбэрийг цогцоор нь бүрдүүлэхээр ажиллаж, техникийн үзлэг, тооллого хийж маргаантай байсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоон, инженерийн шугам сүлжээ, барилгын ерөнхий төлөв байдал, амьдарч буй иргэдийн судалгаа болон байр тус бүрийн газрын кадастрын зургийг гаргасан байна. Ингэснээр эхний ээлжинд газар ашиглах эрхийн гэрчилгээг ОХУ-ын нэр дээр гаргуулж, улмаар байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу олгож, дараагийн ээлжинд эдгээр байрыг монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн авахаар талууд тохиролцож, энэ үндсэн дээр эхний ээлжинд дээрх протокол, хэлэлцээрт Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтсон байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, С.Батболд, Д.Лүндээжанцан нар Шадар сайд болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Хоёр улсын Засгийн газар хоорондын дээрх протокол, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулснаар ОХУ-ын мэдлийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа манай улсын 554 айл өрхийн орон сууцны асуудал шийдэгдэх, улмаар орон сууцаа өмчилж авах эрх зүйн боломж бүрдэх боломж нээгдэх гэж байгаад олзуурхаж буйгаа гишүүд хэлээд цаашдаа маргаантай байгаа бусад барилга объектын асуудлыг тохиролцсоны дагуу аль аль талдаа боломжтой хэлбэрээр шуурхай шийдвэрлэх, улмаар хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж оросын талын хөрөнгө оруулалтыг татах, хамтарсан төсөл, хөтөлбөрүүл хэрэгжүүлэхэд Засгийн газар, салбарын яамд онцгой анхаарах шаардлагатайг онцолж байв.
Ингээд “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол”, “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнэд дэмжлэг үзүүлэхэд зориулсан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрөх санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
Монгол, Германы Засгийн газар хоорондын зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцлөө
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төсөл -ийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн зээлийн гэрээний төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хийсэн юм.
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл-1”-ийн хэлэлцээр болон Санхүүжилтийн гэрээг 2013 оны 11 сарын 13-ны өдөр байгуулан хэрэгжүүлж эхэлсэн бол “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл-II”-ийн Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Санхүүжилтийн гэрээг 2018 оны 06 сарын 22-ны өдөр байгуулжээ. Гурван үе шаттай хэрэгжүүлэх уг төслийн санхүүжилтийн нийт хэмжээ нь 47.55 сая евро бөгөөд үүнээс ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар төслийн эхний шатанд 11.5 сая еврогийн санхүүжилт хийсэн бол 2 дугаар шатанд 19.5 сая евро, 3 дугаар шатанд 8 сая еврогийн санхүүжилт хийхээр тохиролцсон байна.
2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг төслийн эхний шат 2020 онд хэрэгжиж дуусах бол төслийн 2, 3 дугаар үе шатыг 2019-2026 онд хамтад нь хэрэгжүүлэхээр талууд тохиролцжээ. Төслийг байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН), түүний орчмын бүс нутагт хэрэгжүүлж байгаа бөгөөд 2019-2020 онд дэд төслийн хүрээнд ТХГН-т мэдээллийн төв, хамгаалалтын захиргааны болон байгаль хамгаалагчийн байр зэрэг нийт 53 барилгын угсралтын ажлыг дуусгах; Хустайн хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагч, судлаачдын ажиллаж, амьдрах байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх; ТХГН-ийн хамгаалалтын захиргаадад хяналт, мониторингийн тоног төхөөрөмж, цасны мотоцикл, завь зэрэг тээврийн хэрэгсэл нийлүүлэх; байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийг холбооны хэрэгслээр хангах, суурилуулах; ТХГН-ийн орчны бүсийн сумдад эмнэлгийн түргэн тусламжийн тэрэг нийлүүлэх болон сургуулийн эко кабинтерүүдийг тохижуулах зэрэг хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ.
Харин төслийн 2, 3 дугаар үе шатны зорилго нь сонгогдсон ТХГН болон холбоос нутгуудын (орчны бүс болон экологийн коридор, кластер) тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэгдэж байгаа аж. Энэ үндсэн дээр төслийн 2 дугаар шатанд Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн 52 гаруй сумыг 4 кластер бүс нутагт хувааж уг төслийг хэрэгжүүлэх бол 3 дугаар шатанд Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 10 сумын нутаг дэвсгэрийг хамруулах юм байна. Төсөл хэрэгжсэнээр кластер зохион байгуулагдаж албан ёсоор баталгаажих, түүнд хамрагдсан ТХГН-уудын менежментийн төлөвлөгөөг боловсруулах, төлөвлөгөөнд тусгагдсан шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм байна.
Төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Батнасан нар танилцуулсан юм.
Сайдын танилцуулга болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд энэ нь байгаль орчныг хамгаалах, орчны бүс нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэхэд үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжиж байгаа төслийн нэг гэж үзэж буйгаа хэллээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл -1”-ийг манай улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн Төв, Хангай, Зүүн бүсийн 11 хамгаалалтын захиргааны хариуцан хамгаалдаг 15 тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж байгаа аж. Төслийн эхний шатанд ТХГН-ийн 33 хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч болон дарга, мэргэжилтнүүдийг өвөл, зуны /610 ширхэг/ нормын хувцас болон ажлын бусад тоног төхөөрөмжөөр, 10 хамгаалалтын захиргааг гал түймрийн багаж хэрэгслээр тоноглогдсон бага оврын ачааны автомашинаар хангаж, дэд төсөлд хамрагдсан ТХГН-ийн 12 хамгаалалтын захиргаанд бартаат замын 16 автомашин нийлүүлжээ. Түүнчлэн ТХГН-ийн 33 хамгаалалтын захиргааг шилэн кабелийн өндөр хурдны интернетэд холбох ажлын техникийн нөхцөлийг боловсруулж, интернетийн сүлжээнд холбосны зэрэгцээ хамгаалалтын захиргаадыг албан хэрэгцээнд ашиглах мотоцикль, тавилга, багаж хэрэгслээр хангах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төсөл -ийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын танилцуулга, мөн Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2012 оны хэлэлцээг үндэслэн “Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийг техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос хэрэгжүүлж байгаа. Төслийн зорилго нь ашигт малтмалын салбарын болон боловсруулах үйлдвэрийн эрэлтэд нийцсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэх, Монгол Улсын дээд боловсролын салбарын шинэчлэлд загвар институцийг байгуулахад чиглэж байгаа аж.
Төслийг өндөр тувшинд хамтран хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр германы тал 2019 он хүртэлх үйл ажиллагаанд 4 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилт бүхий техникийн туслалцаа үзүүлэх, монголын талаас хийгдэх төсвийн хөрөнгө оруулалт цаг хугацаандаа төлөвлөгөөний дагуу хийгдэх боломжгүй байдлыг харгалзан хөнгөлөлттэй зээл олгох боломжтой тухайгаа мэдэгджээ. Хөнгөлөлттэй зээл нь нийт 7 сая еврогийн санхүүжилттэй, 30 жилийн хугацаатай, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй.
Уг зээлийн санхүүжилтээр сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3500 ам метр талбайтай сургалт, судалгааны барилга (тоног төхөөрөмжийн хамт) болон 800 ам метр талбайтай номын сангийн барилга (тавилгын хамтаар) барихаар төлөвлөжээ. Түүнчлэн МГАМТИС-ийн хотхон дахь оюутны II байрыг монголын тал хариуцахаар болж 2019 оны Төсвийн тухай хуульд энэ зориулалтаар 2.5 тэрбум төгрөгийг тусгасан бөгөөд байрны зураг төсвийг боловсруулан баталгаажуулж, улмаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байгаа аж.
Сайдын танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, А.Ундраа, Л.Болд, Х.Баделхан, Н.Энхболд, Т.Аюурсайхан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Гишүүдийн асуултад хариулт өгсөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргал:-Ашигт малтмал, технологийн их сургууль нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр 2013 онд байгуулагдсан, 4 жилийн бакалаврын, 2 жилийн магистрын сургалттай, өмчлөлийн хувьд 100 хувь төрийн өмчийн боловсролын байгууллага. Одоо хэрэгжих 7 сая еврогийн санхүүжилтээр лаборитор бүхий сургалт, судалгааны барилга, номын сангийн барилгыг барихаар төлөвлөж байгааг хэллээ. Харин Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм тус их сургууль нь 4 жилийн бакалаврын сургалт явуулахын зэрэгцээ нэмэлтээр нэг жилийн инженерийн бэлтгэлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Одоо 176 оюутан, 33 багштай ажиллаж байгаа, сургалтын жилийн төлбөр 6 сая 500 мянган төгрөг. Сургалтын зэрэгцээ уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдийн захиалгаар судалгааны 14 төслийг 750 сая төгрөгөөр хэрэгжүүлж байгаа, хүний нөөцийн чадавх бүрдсэн. Судалгааны ажлаа түүхий эд, эрдэс баялгийг боловсруулах, сэргээгдэн эрчим хүч, байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл гэсэн чиглэлд голлон төвлөрүүлж байгаа гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг асуудлыг зөвшилцөхийг дэмжиж, энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс