Хүний нас хязгаартай ч амь, сүнс нь хязгааргүй

A- A A+
Хүний нас хязгаартай ч амь, сүнс нь хязгааргүй

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, нийтлэлч Д.Төрмөнхтэй шинэ уран бүтээлийн тухай ярилцлаа.

 -Та саяхан “Аниргүйн шивнээ” гэж дуут ном гаргажээ. Таныг ийм олон хит дууны эзэн гэдгийг мэддэггүй байж. Мөн таны нүүр номоос "Нохойн орон" кино ОХУ-ын хотуудад гарсан тухай олж мэдлээ?

-Би тэр дуут номонд хэрхэн дууны шүлэг бичдэг болсон тухайгаа тодорхой ярьсан байгаа. Би ч тухайлан тэр тухай яриад байдаггүй юм. Ийм их стресстэй үед дуу сонсоод тэр дуу хэрхэн бүтсэн түүхийг сонсох зүгээр байх л гэж бодсон хэрэг л дээ. Үүцээ л задалж байна гэх үү дээ. Ихэнх дууг нь манайхан мэднэ дээ. "Нохойн орон" уран сайхны киног Алексей Мыслицкий гэж орос залуу санаачлаад Москва, Санкт Петербург, Красноярск… зэрэг хотуудад зэрэг он лайнаар үзүүлээд дараа нь надтай зүүмээр хоёр цаг орчим ярилцлага хийсэн.

Энэ киног 23 жилийн өмнө хийсэн ч одоо ч нэр хүндээ алдахгүй яваад байгаад баяр төрөх юм даа.

Ноднин жил Недерландын нийслэл Амстердамын IDFA наадам Петер Бросенс бид хоёрыг урьж тэнд үзүүлсэн. Николос Рапольд гэж АНУ-ын нэг том кино шүүмжлэгч хөтөлж нэвтрүүлэг ч хийж тэнд гаргасан юм.

-Таны шинээр гаргасан “А” гэх нэртэй романыг Мпласаас татаж авч сонслоо. Нэр их анхаарал татсан. “А” гэж нэрлэсэн нь Аажим, Авид гэх гол дүрүүдтэй холбоотой юу?

-За бараг л тийм. Анх би Даниэл Дефогийн “Робинзон Крузо”-г анх хэвлэгдэн гарахад нь үнэн болсон явдал гэж тэр үеийн уншигчид бодож байсан тухай уншаад нэг бодол төрсөн юм. Зүгээр л нэг өдөр Аажим гэдэг Британид байдаг монгол залуу над руу цахим шуудангаар хандаад тэгээд түүний өдрийн тэмдэглэлийг гололсон зохиомжтой бичвэл үнэмшилтэй болж мэдэхээр санагдаад эхэлсэн. Бараг дөрвөн жилийн өмнө юм уу даа.

Тэгээд бичээд байсан чинь нэг дүртэй байх нэг л хачин санагдаад Авид гэдэг дүрийг бий болгосон.

Гэсэн ч нэг идэвхигүй дүр болчих гээд тэгээд өнөөх дэлхийгээс 23 шагнал авсан “Нохойн орон” кинотой Авидыг холбовол яасан юм гэж бодсон. Авидыг эрт цагт нохой алдаг хүн байсан болгож өөр нэг шугам нээгээд түүний амьдралыг давхар өгүүлсээр л эцэстээ Аажим, Авид гэх хэзээ ч хоорондоо амьддаа уулзаагүй хоёр монгол хүний зэрэгцээ амьдралыг өгүүлсэн зохиомжтой роман болчихсон юм.

-Авид яагаад нохой алдаг хүн гэж?

-Би сая хэллээ дээ. Дэлхийгээс 23 шагнал авсан "Нохойн орон" уран сайхны киноны гол дүр нохой алдаг хүний тухай шүү дээ. Тэр үед "Нөөц" гэдэг компани анчидыг хөлслөөд золбин нохой алуулдаг байсан юм. Тэр нөхрийн л амьдралаар нэг шугам хийсэн нь тэр. Манайхан нохойг хүний урд төрөл гэж боддог учир нохой алах нь хүн алахаас ялгаагүй үзэшгүй нүгэл гэж ханддаг. Ийм нэг хүн сүүлдээ зохиолч, орчуулагч болсон байгаа даа.

-Таны бичсэн бүтээлүүдээс цэвэр уран зохиол маягтай анхны роман гэж ойлгож болох уу?

-Болно оо. Гэхдээ уран зохиол гэдэг уран сэтгэмж гэхээсээ амьдралд байдаг зүйлийг л зөв “монтажилсан” зүйл байдаг гэж би боддог. Тэгээд ч би бодит хүмүүсийн л намтраар ном бичээд их удсан болохор мөн үнэн зүйлс энд тэнд орсон уу гэвэл орсон.

-Үйл явдал нь Лондон, Брюсел, Нью Йорк, Мяньмарын нийслэл Янгон, Чехийн Карловар, Улаанбаатар, Чойр гээд олон газар өрнөнө. Үүгээрээ мөнөөх л үйлийн үрээр хэн ч, хаа ч төрж болдог гэдгийг өгүүлэх мэт?

-Үйлийн үр гэдгийг манайхан нэг их сайн ойлгодоггүй. Их л муу юм гэж бодоцгоох. Гэвч сайн үйлийн үр сайн л байх нь гарцаагүй. Мөн тэнгэрийн доорход улс орон арьс өнгө ямар ч хамаагүй юм. Хүн бүр л үхдэг. Гэвч түүний хойд төрөл хаа ч төрж болно гэж би боддог. Дахин төрөхөд виза хэрэггүй шүү дээ. Би бясалгалаар 10 гаруй жил хичээллэж мөн Ганжуур Данжуурыг уншиж бясалгалын орой бүр номын айлдвараар бурхны ном сонссон болохоор энэ талаар гайгүй мэддэг учир үүнийгээ л бичиж буй зохиолоороо үзүүлэх гэсэн юм.

Хүний нас хязгаартай ч амь буюу сүнс хязгааргүй гэж л би итгэдэг юм.

Тэгээд анх Нью Жерсид банкинд алуулдаг хүүхний сүнс Чойрт нохой болж төрсөн. Харин тэр Дэйзи Мариа гэх хүний урд төрөл нь 1949 онд энд алагдсан нохойн хойд төрөл болж буй гэх мэтээр л сэтгэсэн юм даа. Гэхдээ тийм ч ойлгомжгүй юм биш байх. Аль болох ойлгомжтой энгийн л бичих гэж хичээсэн.

-Дүрүүдийн хувьд Ирина гэх Украйн хүүхэн, Арбатов гэж нэг орос эр, Виктор Бут гэж алдарт оросын мафийн толгойлогч гээд бүгд үнэн дүр үү, эсвэл зохиомол дүр үү?

-Ирина, Арбатов хоёр бол зохиомол дүрүүд л дээ. Гэхдээ хэв шинжит дүр гэж нэг ойлголт байдаг даа. Виктор Бут бол мэдээж үнэн хүн. Саяхан АНУ-ын шоронгоос ОХУ-ын шорон руу хоригдол солилцоогоор ирсэн.

-Аажимын хайр дурлал, Авидын нууц амрагтай холбоотой бүлэгүүд ч их амьдралд ойр шиг?

-Сүүлийн 30-аад жилд гэр бүл салалт илт нэмэгдсэн шүү дээ. Монголоор дүүрэн өрх толгойлсон бүсгүйчүүд байна. Мөнх бус гэдэг зөвхөн үхэл бус хайр дурлал ч мөнх бус зүйл шүү дээ. Өдөр бүр өөр байдаг шиг хүний сэтгэл ч өдөр бүр өөрчлөгдөж байдаг учир сэтгэл өөрөө мөнх бус чанартай. Энэ тухай л Авидын амьдралаар харуулах гэсэн юм. Өөрөө ч дурдаад авлаа. Моногами буюу нэг эхнэртэй нэг нөхөртэй байх ёсон, полигами буюу олон эхнэртэй байх ёсон манайд 100 хүрэхгүй жилийн өмнө л байсан шүү дээ.

Хаад ноёд гэхээсээ тэжээж чадаж л байвал олон эхнэртэй байхыг хэн ч хорьдоггүй байсан үндэстэн. Чингис хаан дөрвөн эхнэртэй үй олон татвар эмстэй байсныг мэднэ дээ.  Бид үр хүүхдээ цөмийг ялгахгүй хайрладаг хэрнээ яагаад ганц эмэгтэйтэй насаараа амьдрах ёстой билээ гээд асуудал бас байна. Дотор сэтгэл гэдэг гадна байдлаас тэс өөр зүйл гэж л хэлэх гэсэн ухаантай юм. Хоорондоо ярьдаггүй зүйлсийг бичих бол номын гол амь ч юм шиг. Үнэнд хүмүүс их дургүй байх юм. Яагаад гэвэл үнэн учраас.

-Одоо та ямар бүтээл дээр сууж байна?

-Барон Унгерний тухай нэг роман дээр л сууж байна. 1998 онд “State of dogs” киног хамтран бүтээсэн Бельги найруулагч Петер Бросенстой Карло Варын олон улсын кино наадамд оролцож байлаа. Би очиж байсан болоод их сайн мэдээд байгаа юм. Гэтэл нэг өдөр наадмын зохион байгуулагч эмэгтэй тантай Францийн нэг продюсер уулзах хүсэлтэй байна гэв. Ингээд би Ларс фон Трейрийн “Европа” киноных нь продюсер байсан Филипп Бобер гэх хүнтэй (найруулагч нарт зориулсан үнэгүй пивотой кино наадмын тусгай кафед) уулзаж ярилцав. Гэтэл тэрээр Барон Унгерний тухай уран сайхны кино Ларс фон Трэйертэй хийх гэж төсвөө босгож байгаа гээд киноны зохиол болох ОХУ-аас цагаачилж гараад Берлинд амьдарч байсан Фридрих Горнштэйн гэх жүүд нөхрийн бичсэн “MAD BARON” гэх нэртэй бэсрэг зохиолыг (трейтмэнт) надад өгч билээ. Филип Бобер тэр цагаас эхлэн надтай цахим шуудангаар харьцаж байсан ч сар, сараар улам цөөрсөөр эцэстээ таг болсон юм. Хожим хоёр жилийн дараа Нью Йорк хотод түүнтэй таараад асуусан 40 сая ам.долларын өндөр төсөвтэй болоод төсөв босохгүй байсаар нурж байгаа…гэж билээ.

Энэ цагаас л би Барон Унгернтэй холбоотой бүгдийг уншиж судалж эхэлсэн юм.

Энэ бичиж буй романд гарч буй үйл явдлууд миний уншиж судалсан бүх зохиолыг голтой нэгтгэсэн байж болох Л.А.Юзефовичийн “Цөлийн эзэрхийлэгч” номыг гол барьж мөн М.Г.Торновский, Н.Н.Князев, Л.С.Кузмин, Ф.Осендовский нарын бичиж үлдээсэн номд буй зарим эх сурвалжуудаар баяжуулж өөрийн уран сэтгэмжээр өөрчлөн зүүдэн үлгэр болгохыг зорьсон юм. Одоо яахав дал орчим хувьтай л явах шиг. Яарахгүй гэхдээ хойш тавихгүй явуулж л сууна. Дуламсүрэнгийн Батболд гэж нэг залуу цаазын ял аваад эхэлдэг. Тэгээд зүүдэндээ Баронтой холбоотой зүүд үзээд байдаг ч өглөө нь санадаггүй юм. Яг шууд Бароны тухай дээр дурдсан номуудыг зүгээр хуулалтай биш дээ. Нэлээд өвөрмөц юм л биччих санаатай л нухаж суугаа даа.

-Таны зохиолуудыг уншихад кино шиг бичлэгтэй санагддаг. Анод банкны эзэн асан Даваагийн тухай “Монголо гэдэг эрхэм”ийг би бас уншсан дараа нь Мплас аудио болгосоныг ч сонссон яг л кино яриад байгаа мэт санагдсан. Та кино зохиол бичиж байгаа юу?

-Саяхан хоёр ч кино зохиол бичсэн. Гэхдээ кино мөнгөнөөс шууд хамааралтай болохоор л ном руу орчихсон юм шүү дээ. Олон ч кино зохиол одоо ч комьпютерын харданд л "хэвтэж" байна. Галаар наадсан залуу гэж 16 анги сериалын зохиол ч бэлэн биччихсэн байгаа гэх мэт. Яахав кино зохиол бичдэг дадал арилаагүй учир нэлээд киноны хэлбэртэй болдог байж мэдэх л юм даа. Уран зохиол бол өөр шүү дээ.

Кино зохиолд “нар мандав” гэж ганц өгүүлбэр л хангалттай бол уран зохиолд түүнийг хэрхэн мандсан, яаж харагдсан, хэн нэгэнд хэрхэн нөлөөлж, ямар  мэдрэмж төрүүлсэнийг нэгд нэггүй дүрслэн бичих хэрэгтэй болдог. Гэхдээ уран зохиол ч бас одоо өөрчлөгдөж байна даа. 19 дүгээр зууны сүүл 20 дугаар зууны эхэн үед уран зохиол оргилдоо хүрээд кино бий болсноор бүдгэрч эхэлсэн шиг. Манайд бол ер нь одоо унших нь маш багассан шүү дээ. Үзсэн кино чинь уншсан номноосоо хэдэн зуу дахин их байгаа биз дээ.

-Та ер нь хэр уншдаг хүн бэ?

-Уншдаггүй хүний хажууд бол уншина. Гэхдээ голдуу бичиж буй зүйлсдээ л хамаатай номнуудыг сонгож унших юм даа. Яг одоо Клэйр Норт гэж английн нэг зохиолчийн номыг уншиж байна. Маш товч бичиж зөв тасалж бүлэг болгох юм. Нэг бүлэг заримдаа нэг хуудас ч байх шиг. Товч бөгөөд сайхан дүрслэлтэй уран бичнэ гэдэг хамгийн хэцүү ажил. Уншингаа суралцаж байна гэх үү дээ.  Багадаа бол их уншсан. Багад суусан юм л баттай толгойд үлддэг шиг.

Англи хэлийг хожим сурсан ч одоо бол оросоор унших, үзэх хамаагүй амар байх юм даа.

Нэрт орчуулагч Х.Мэргэн “Залууд сурсан эрдэм хадан дээр сийлсэн мэт, хожим сурсан эрдэм мөсөн дээр сийлсэн мэт байдаг юм байна” гэж хэлсэн байдаг үнэн юм байна. Би залуугаасаа л уран зохиол, шүлэг, дууны үг бичдэг байсан хүн шүү дээ. Дээр чи хэллээ “Руутлес” гэсэн бүлэг их зөн ёртой болж гэж. Тэр чинь аль 90 ээд онд биччихсэн өгүүллэг байгаа юм. Бүлэг болгоод оруулчихсан. Анодын Даваагийн тухай номонд ч хэрээний тухай өгүүллэгээ жоохон өөрчлөөд бүлэг болгож оруулсан юм. 1987 онд байхаа “Цог” сэтгүүлд гарч байсан өгүүлэг юм. “Санкара”-д ч бас бус тийм эрт дээр бичсэн хуучин өвөөсөө оруулсан бүлгүүд ч байгаа.