Д.Өлзийбат: Шахмал түлшний чийглэг 2019 онд 10 байсныг 2022 онд зургаан хувь болгон бууруулсан

A- A A+
Д.Өлзийбат: Шахмал түлшний чийглэг 2019 онд 10 байсныг 2022 онд зургаан хувь болгон бууруулсан

"Тавантолгой түлш" компанийн Ерөнхий технологич Д.Өлзийбат  шахмал түлшний стандартын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шахмал түлшний барьцалдуулагчаа хаанаас авч байна вэ. Түлшний чийглэг нэмэгдсэн нь үнэн үү?

-Тавантолгой түлш компани 2019 оноос хойш Энержи ресурсын Ухаа худаг дээр байгаа уурхайн баяжуулах үйлдвэрээс угааж баяжуулсан нүүрсний засврын бүтээгдэхүүн болох мидлингийг ашиглаж байгаа. Энэ бүтээгдэхүүн өнөөдрийг хүртэл солигдоогүй. УКО-т зургаан жилийн хугацаанд хэрэглэсэн мидлинг болон шахмал түлш, орцын шинжилгээний дүнг танилцууллаа. Зургаан жилийн хугацаанд түлшний шинж чанар хэвээрээ байгаа.

-Шахмал түлшний үйлдвэр ашиглалтад ороход утаа буурсан. Гэтэл одоо буцаад нэмэгдчихээд байна. Энэ юутай холбоотой юм бэ?

-Бидний хэрэглэж байгаа түүхий эд өнөөдрийг хүртэл солигдоогүй. Мидлинг шахмал түлшний 95, барьцалдуулагч таван хувийг эзэлдэг. 2021 онд Тавантолгой түлшийн зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсон. Энэ хугацаанд Солонгосын уурын хатаалгатай үйлдвэр байгуулагдаад энэ нь манай цаг агаарт тохирохгүй байсан. Тиймээс технологио сольж сайжруулаад Тавантолгой түлш компанийн бүх үйлдвэр хатаалгатай болсон. 2022 оноос хойш түлшний чийгийн хувьд стандартын шаардлага бүрэн хангаж байгаа.

-2022 оноос хойш стандарт нийцсэн гэсэн үг үү?

-Шахмал түлшний стандарт анх 2019 онд батлагдсан. Тухайн үед чийглэгийн агууламж 10 хувиас ихгүй байна гэсэн заасан. Тухайн үед түлшний чийг 10 хувь байсан. 2022 онд стандартын зарим үзүүлэлтийг чангатгаж өгсөн. Тухайлбал, 10 хувь байсан чийгийн агууламжийг 6 хувь болгон бууруулж өгсөн. Үнслэгийн агууламжийг 29-27, илчлэгийг 4200-аас багагүй байсныг 5200 болгож өгсөн.

2022 оноос өмнөх стандартад чийглэгийн агууламж 10 хувь байсан. Одоо үйлдвэрлэж байгаа түлшний чийгийн агууламж зургаан хувиас бага байгаа.