Ч.Отгонцэцэг: МАКЛЕОДС КОМПАНИЙН ТАТАН АВАЛТ ХИЙЖ БУЙ ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ ЭМ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭГДЭЭГҮЙ БАЙГАА

A- A A+
 Ч.Отгонцэцэг: МАКЛЕОДС КОМПАНИЙН ТАТАН АВАЛТ ХИЙЖ БУЙ ХАВДАР ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ ЭМ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭГДЭЭГҮЙ БАЙГАА

 

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Хүнс эмийн агентлагаас хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор Маклеодс фарма компани удаан хугацаанд хэрэглэвэл хавдар үүсгэх эрсдэлтэй Лозартан нэрийн эмүүдээ зах зээлээс татаж эхлээд байна. Энэ талаар болон уг эм Монголын зах зээлд худалдаалагдаж байгаа эсэхийг МХЕГ-ын эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Маклеодс фарма компани Лозартан нэрийн зарим эмүүдээ зах зээлээс татан авах болсны гол шалтгаан юу байна?

-АНУ-ын Хүнс эмийн агентлаг тус компанийн үйлдвэрлэсэн 32 цувралын Лозартан /Losartan potаssium USP шахмал /50мг/, Losartan Potassium/Hydrochlorothiazide нийлмэл шахмал / 50мг/12.5мг, 100мг/12.5мг, 100мг/25мг/ эмийн найрлага дахь N-Nitro-N-methyl-4-aminobutyric acid /NMBA/ бодис нь зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү агууламжтай болохыг мэдээлсэн. NMBA бодисын илүү агууламж бүхий эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь өвчтөнд хавдар үүсэх эрсдэлийг бий болгодог. Тийм учраас Маклеодс фарма компани нэр бүхий эмээ зах зээлээс эргүүлэн татаж байна.

-Лозартан буюу артерийн даралтыг бууруулах зорилгоор хэрэглэдэг энэ эмийг Монголчууд маань ч их хэрэглэдэг. Энэ дунд  Маклеодс фарма компанид үйлдвэрлэсэн эм байгаа юу?

-Зөвхөн Маклеодс фарма компанид үйлдвэрлэсэн эмийг эргүүлэн татаж байгаа. Энэ компанийн үйлдвэрлэсэн Losartan Pоtаssium USP шахмал, Losartan Potassium/Hydrochlorothiazide нийлмэл шахмал эмүүд Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдээгүй байгаа. Өөрөөр хэлбэл Маклеодс фарма эмийн үйлдвэрийн хүснэгтэд дурьдсан 32 цувралын эмэнд л хамааралтай юм. Эдгээр эмүүд одоо зах зээл дээр байгаа, хэрэглэгчдэд хүрсэн гэсэн үг. Гэхдээ Монгол Улсад биш. Хүснэгтэд заагдаагүй цувралын эмүүдэд хамааралгүй гэж Америкийн Хүнс эмийн агентлагаас мэдээлэл хийсэн.

-Гэхдээ хувийн журмаар авч хэрэглэж байгаа хүмүүс байж болох юм. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Яг энэ буцаан таталт хийгдэж байгаа Маклеодс фарма  компанийн эмийг хэрэглэж байгаа хүн эмчилгээгээ шууд зогсоож болохгүй. Харин эмчид хандан энэ эмийнхээ оронд ямар эм хэрэглэх талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Эмийн эмчилгээгээ гэнэт зогсоох нь өвчтөний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх сөрөг үр дагавартай байдаг.