Б.БАТДАВАА: УРСГАЛ ДАНСНЫ АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

A- A A+
Б.БАТДАВАА: УРСГАЛ ДАНСНЫ АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваатай ярилцлаа.

Төлбөрийн тэнцэл оны эхнээс ашигтай байж байгаад долоодугаар сард 500 гаруй сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Ингэснээр оны эхнээс хойших эхний 7 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 80 орчим сая ам.долларын алдагдалтай байна. Энэ хөдөлгөөний гол шалтгаан юу байсан бэ?

Төлбөрийн тэнцэл оны эхний хагас 456 сая ам.долларын ашигтай байж байгаад 7 дугаар сард 535 сая ам.долларын алдагдалтай гарсан. Яагаад ингэж алдагдал гарсан бэ гэдэг дээр хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, манай арилжааны банкуудын төв банкинд хадгалуулаад байсан харилцах, хадгаламжийн хэмжээ 370 орчим сая ам.доллараар буурч, энэ хэмжээний мөнгөн хөрөнгө арилжааны банкуудын гадаадын банк, санхүүгийн байгууллага дахь дансанд шилсэн. Энэ бол эдийн засгийн үр дагавар гэхээсээ илүү банкуудын хөрөнгийн удирдлагатай холбоотой шилжилт учраас цаашид төдийлөн үргэлжлэхгүй гэж харж байгаа. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлсөн хоёрдогч хүчин зүйл нь долоодугаар сард урсгал данс 93 сая ам.долларын алдагдалтай гарсан. Ингэснээр оны эхнээс нийт урсгал дансны алдагдал 810 орчим сая ам.долларт хүрсэн. Эдгээр хоёр хүчин зүйл төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлсөн.

Урсгал дансны алдагдал өндөр гарч байгаагийн шалтгаан нь юу вэ. Энэ алдагдал удаан үргэлжлэх нь бизнесүүдэд ямар нөлөөтэй вэ?

Урсгал дансны бүтцийг эхлээд танилцуулах хэрэгтэй байх. Урсгал данс нь дотроо барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, анхдагч орлого буюу манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадагшаа төлдөг зээлийн хүү, хөрөнгө оруулалтын орлогын тэнцлийг харуулдаг. 2014 оноос Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон уул уурхайн төслүүдийн үйл ажиллагаа жигдэрснээр манай улсын экспортын хэмжээ нэмэгдэж, барааны данс ашигтай гарах болсон. Харин үйлчилгээний данс, тэр дундаа тээвэр, аялал жуулчлал, нарийн мэргэжлийн үйлчилгээний салбарын гадагшаа төлж байгаа төлбөрийн алдагдал нэлээд ихэсч байна. Өнгөрсөн жил л гэхэд манай улс үйлчилгээний тэнцэлд 2 тэрбум ам.долларыг гадагшаа төлсөн үзүүлэлттэй байгаа. Үүнийг дотор нь задлаад үзвэл тээвэр дээр 500 орчим сая ам.долларыг гадагшаа төллөө. Мөн өмнө нь ашигтай байдаг байсан аялал жуулчлалын салбар 2018 онд -410 орчим сая ам.долларын алдагдалтай. Бизнесийн зөвлөх үйлчилгээ, барилга, инженер гэх зэрэг нарийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд 1 тэрбум ам.долларыг гадагш төлсөн байгаа юм.

Тэгэхээр үйлчилгээний данс алдагдалтай байгаа нь манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар сул байгааг илгэж байгаа. Дэд бүтцийн хөгжил сул байна. Нарийн мэргэжлийн үйлчилгээг манай доттоодын аж ахуйн нэгжүүд олгож чадахгүй, гаднаас авч байна гэсэн үг. Гуравдугаарт, манай улсын аж аууйн нэгж иргэдийн гадагшаа төлж байгаа зээлийн төлбөр, хүү, хөрөнгө оруулалтын ногдол ашгийн төлбөр буюу бидний мэргэжлийн хэллэгээр анхдагч орлого гэдэг.  Энэ дүн бага байж байгаад гадаад өр, хөрөнгө оруулалтын позицын сөрөг дүн хуримтлагдахын хэрээр зээлийн хүү, хөрөнгө оруулалтын төлбөрүүд нэмэгдээд байгаа. Өнгөрсөн жил гэхэд Монгол Улс цэвэр дүнгээрээ 1.2 тэрбум ам.долларыг гадагшаа зээлийн хүү, хөрөнгө оруулалтын төлбөрт төлсөн байгаа юм. Тэгэхээр урсгал дансны алдагдлыг Монгол Улсын хэмжээнд харвал өнгөрсөн жил нийт 2.2 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 17 орчим хувьтай тэнцэж байна. Сүүлийн 10 жилийн дунджаар Монгол Улс жилдээ ДНБ-ий 22 хувьтай тэнцэх хэмжээний урсгал дансны алдагдал хүлээж явж байна.

Дэлхийн банкнаас өнгөрсөн жил гаргасан судалгаагаар нийт 100 гаруй орны урсгал дансны тэнцлээс хамгийн их алдагдалтай эхний гурван улсын дунд Монгол Улс маань багтсан. Тэгэхээр Монголбанкны зүгээс ч бас урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлээр бодлогын арга хэмжээ авах, олон улсын байгууллагуудтай хамтрах, эрдэмтэн судлаачидтай санал солилцох зэрэг үйл ажиллагаа хийж байна. Жишээлбэл, бид ирэх мягмар гариг буюу 9 дүгээр сарын 17-ны өдөр “Төлбрөийн тэнцэл ба гадаад өр” сэдэвтэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээр урсгал дансны алдагдлыг төсөв, мөнгөний бодлого талаас яаж бууруулах, эдийн засгийн урт хугацааны бүтцийн өөрчлөлт, өрсөлдөх чадварын чиглэлээр ямар ажил хийж болох вэ гэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Урсгал дансны алдагдлыг Оюутолгойн санхүүжилт болон бусад гадаадын томоохон хөрөнгө оруулалт, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх мөнгөн урсгалууд нөхөх боломжтой гэдгийг та өмнө нь дурдаж байсан. ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт болон Оюутолгойн санхүүжилт дээр одоогоор тодорхой хөдөлгөөн харагдахгүй байна. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалт, гаднаас орж ирэх санхүүжилтэд саатал учирвал урсгал дансны алдагдлыг дахин нэмэгдүүлэх эрсдэлтэй юу? 

Урсгал дансны алдагдал сүүлийн 10 жилд дунджаар ДНБ-ий 22 хувьтай тэнцэж байгаа гэдгийг дээр дурдсан. Үүнийг бид юугаар нөхөж байна вэ гэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэрээр нөхөж байгаа. Хэрвээ хөрөнгө оруулалтын орох урсгал, зээлийн орох урсгалаа эдийн засгийн үр ашигтай салбаруудад зарцуулж чадвал ирээдүйд өндөр бүтээмжтэй салбарууд маань экспортолсноор урсгал дансны алдагдлыг бууруулах бүрэн боломжтой. Гэхдээ сүүлийн 5-6 жилийн нөхцөл байдлыг харвал гадаадын шууд хөрөнгө оруулалт төдийлөн өсөхгүй байна. Та бүхэн санаж байгаа бол 2010-2012 онуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.доллар буюу ДНБ-ний 45 орчим хувьтай тэнцүү байсан. Өнгөрсөн жил  гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.2 тэрбум ам.доллар, энэ оны эхний 7 сарын байдлаар 1.1 тэрбум ам.доллартай тэнцүү байна. Үүнийг задлаад харвал Оюутолгойн хөрөнгө оруулалт 80 хувийг нь бүрдүүлж байгаа. Бусад хөрөнгө оруулалт бага хувийг эзэлж байна. Бидний харж байгаагаар энэ оны эцэс, ирэх онд томоохон дүнтэй гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхээргүй байна. Монголбанкны хувьд Олон улсын санхүүгийн корпораци, Үндэсний хөгжлийн газартай хамтраад 10 дугаар сард хөрөнгө оруулалтын орчны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүгээр хөрөнгө оруулалтын орчин ямар байна вэ, хөрөнгө оруулалт манай эдийн засгийн өсөлт, бүтээмж, технологийн дэвшилд ямар үр ашигтай вэ гэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

-Энэ оны төгсгөлд төлбөрийн тэнцэл ашигтай гарах боломж байна уу. Ерөнхий төлөв нь ямар байна вэ? 

- Энэ оны төлбөрийн тэнцэл бага зэрэг ашигтай гарах болов уу гэж хүлээж байна. Гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь экспортын орлого нэмэгдэж байна. Эхний 7 сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 11 хувь буюу 450 орчим сая ам.доллараар нэмэгдсэн. Энэ маань нүүрс, төмрийн хүдрийн  үнэ өссөнтэй холбоотой. Тэгэхээр оны эцэст төлбөрийн тэнцэл 300-400 сая ам.долларын ашигтай гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.