С.Мөнхбат: Монголын хөгжлийн ирээдүй бол судалгаанд суурилсан бодлого, түүнийг дэмжсэн төр, шинжлэх ухааны түншлэл юм

A- A A+
С.Мөнхбат: Монголын хөгжлийн ирээдүй бол судалгаанд суурилсан бодлого, түүнийг дэмжсэн төр, шинжлэх ухааны түншлэл юм

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, Шинжлэх ухааны салбарын ажилтнуудын  анхдугаар их хурлыг зохион байгуулах Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга  доктор, дэд профессор С.Мөнхбаттай ярилцлаа.

-Шинжлэх ухааны салбарын  ажилтнууд  түүхэндээ  анх удаа  их хурлаа хийх гэж байна. Ямар бодлого чиглэлийг баримталж,  мөн ямар асуудлыг  дэвшүүлж  байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг энэ сарын 26-27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан. Их хурлыг зохион байгуулах ерөнхий ажлын хэсгийг БСШУС-ын дэд сайд ахалж, миний бие нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна.

Монголчууд бид оршин тогтносон түүхийнхээ бүхий л үед эрдэм мэдлэгийг дээдлэн эрхэмлэж, эрдэмтэн мэргэдийнхээ сэцэн ухааныг түшиж, ажил амьдрал, ажил үйлсээ бүтээн цогцлоож, хөгжиж ирсэн сайхан уламжлалтай. Үүний тод жишээ бол Эзэн богд Чингис хаан 1206 онд Монголын тулгар төрийг байгуулж дэргэдээ Цэцдийн зөвлөлийг, Хубилай сэцэн хаан 1275 онд Монгол бичгийн мэргэдийн хүрээлэнг, Богд хаант Монгол улсын үед Монголыг судлах газрыг, 1921 онд эрдэм судлалын ажил эрхлэх анхны төв Судар бичгийн хүрээлэнг, 1942 онд МУИС-ийг, 1961 онд ШУА-ийг  байгуулан ажиллаж ирсэн нь Монголын шинжлэх ухааны түүх арвин их гэдгийг нотлон харуулна. Энэ хугацаанд бий болгосон  Монголын шинжлэх ухааны салбарын  ололт, амжилтыг тооцвол үнэлж баршгүй их бий. XX зуунд Монголын шинжлэх ухаан маш хурдацтай хөгжсөн байдаг. Орчин үеийн амьдралын хэв маяг, иргэншил, соёлын ололт амжилтууд яах аргагүй өнгөрсөн зууных. Хурдацтай хөгжиж буй энэ зуунд бид яаж хөгжих вэ? гэдэг асуултын хариултыг шинжлэх ухаанаас эрэхээс өөр гарц, шийдэл Монголчууд бидэнд байхгүй.

Тиймээс ХХI зуунд Монголын шинжлэх ухаан хэрхэн хөгжих, дэлхийн шинжлэх ухааны хөгжлийг ололт амжилттай хөл нийлүүлэн хэрхэн алхах вэ? гэдэг асуулт бидний өмнө өнөөдөр тавигдаж байна. Ийм эрэлт, хэрэгцээ шаардлага амьдралаас урган гарч байгаа учраас шинжлэх ухааны салбарын ажилтны анхдугаар их хурлыг Ерөнхий сайдын ивээл дор түүхэндээ анх удаа хийх гэж байна.

Ажлын зохион байгуулалтын хувьд анхдугаар их хурлыг зохион байгуулах ерөнхий ажлын хэсгийг БСШУСЯ-ын сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг дотроо бичиг баримт боловсруулах дэд ажлын хэсэг, хэвлэл,  мэдээллийн дэд ажлын хэсэг, төсөв, санхүүгийн дэд ажлын хэсэг, зохион байгуулалтын дэд ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгүүдэд ШУА-ийн харъяа хүрээлэн, их дээд сургуулийн судалгааны төвүүдээс төлөөлөл оруулсан. Ажлын хэсэг өнгөрсөн сарын 15-наас ажлаа эхэлсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд багагүй ажил амжууллаа. Анхдугаар их хурлаар шинжлэх ухааны салбарын өнөөг хүртэл бий болгосон ололт амжилт, одоо тулгамдаж буй  асуудал, цаашид ямар бодлого зорилтыг төрөөс баримтлах юм, эрдэмтэн судлаачдын зүгээс ямар идэвх саначилга өрнүүлж хамтын ажилллагааг идэвхжүүлэх вэ? Үр дүнд нь шинжлэх ухаанч хөгжлийн суурийг хэрхэн бэхжүүлэхэд чиглэсэн оновчтой шийдвэрүүдийг гаргана байх гэж итгэж найдаж байгаа.

-Манай улс шинжлэх ухааны салбарт  бага мөнгө төсөвлөдөг. Төр засаг нь   эрдэмтэн судлаачдаа  сонсолгүй  улстөрчдийн амаар  шийдвэр гаргаж ирсэн нь нууц биш. Энэ байдлыг өөрчилнө гэж ойлгож болох уу?

Шинжлэх ухаан салбар өөрөө их онцлогтой, оюуны хөдөлмөр, тэр дундаа судалгаа шинжилгээ, боловсруулалтын ажлыг дагнан эрхэлдэг. Энэ салбарыг ололт амжилт том маштабаараа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж байдаг. Нэвтэрч байгаа технологи, шинэ мэдлэг, инноваци, патентууд бүхэн үйлдвэрлэлийн үйл явцыг эрчимжүүлж, хөгжлийг түргэсгэж байдаг. Үүнийг бүтээдэг салбар бол шинжлэх ухааны салбар. Тиймээс шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд түүнийг ойлгох зөв ойлголт, хандлагаас эхлэх учиртай. Өнөөдөр шинжлэх ухаанд хандах хандлага ихээхэн учир дутагдалтай байгаа дүр зураг ажиглагддаг. Төсвөөс мөнгө авдаг хэрнээ нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл бага байна гэж үзэж байх жишээтэй. Гэтэл тийм биш юм. Шинжлэх ухааны судалгаа боловсруулалтын ажлын үр дүн тэр дороо гардаг тохиолдолд байна, хэдэн жилийн дараа гардаг тохиолдол ч байна, бүр гарахгүй байх тохиодол ч бий. Энэ бол энэ салбарын онцлог. Үр дүн гарч байгаа судалгаа боловсруулалтын ажил бүр нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллөө үзүүлсээр л байгаа. Харин бид үүнийгээ хэмжиж чаддаг болох ёстой юм.

Тиймээ ч бид их хурлын уриагаа “Хандлагаа өөрчилье”  гэж нэрлэсэн. Төр, засгийн зүгээс шинжлэх ухааны салбарт баримталдаг бодлогодоо анхаарч,  эрдэмтэн судлаачид маань   өөрсдийн хийж ирсэн судалгаа, шинжилгээний ажлыг дэлхийн жишигт хүргэхийн төлөө санал  санаачилга гарган ажиллаж, нэг ёсондоо хоёр талаасаа хамтын ажиллагаа өрнүүлж байж бодит үр дүнд хүрнэ гэдэг утга агуулгаар аль аль талаасаа хандлагаа өөрчилье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагааны хүрээнд төр засгийн зүгээс бодлого шийдвэр гаргахдаа шинжлэх ухаанчаар хандаж, улс орны хөгжлийн томоохон төлөвлөгөө , стратеги төлөвлөлтийг хийхдээ  эрдэмтэн судлаачдынхаа санал санаачилга, оролцоог хангах, гаргасан  тооцоо судалгаанд тулгуурлах гэсэн санаа юм.  Ингэж байж улс орны хөгжлийн зорилт бодитой хэрэгжинэ. Шинжлэх ухаан салбарын ажилтнууд ч гэсэн ийм хүлээлттэй байгаа. Ерөнхий сайд ч гэсэн эрдэмтэн, судлаачидтай уулзсан уулзалтынхаа үеэр хоёр талаасаа  санаачилга гаргая.  Төр нь шинжлэх ухаандаа анхааръя, та бүхэн ч гэсэн санаачилга гаргаж төрийн бодлого үйл ажиллагааг дэмжиж ажиллах явдал чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн. Тэгэхээр энэ сарын 26-27-нд болох анхдугаар их хурал энэ хүрээнд асуудлыг ярилцана.

-Хуралд бүх талын төлөөллийг хамруулж байгаа юу?

Төлөөллийн хувьд  нийтдээ 800 төлөөлөгчийг оролцуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн салбарт 4500 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна. Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээс сонгогдсан төлөөлөгчид оролцоно. Хурлын хөтөлбөрийн тухайд гэвэл 9-р сарын 26-нд МУИС-ийн II байрны өмнөх  талбайд ШУА-ийн анхны ерөнхийлөгч агсан  Б.Ширэндэвийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, салбарын үзэсгэлэнг  нээснээр албан ёсны үйл ажиллагааг эхлүүлнэ. Мөн энэ өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд (дугуй заал) “Судалгаанд суурилсан  төрийн бодлого”, ШУТИС-ийн Номын санд “Шинжлэх ухаан, технологийн салбарын дэд бүтэц, хүний нөөц”,  АШУҮИС-д “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт”,  СУИС-д “Шинжлэх ухааны байгууллагуудын түншлэл” гэсэн сэдвүүдээр тус тус салбар хуралдааныг зохион байгуулна.

Салбар хуралдаануудаас шинжлэх ухаанд суурилсан хөгжлийг бодлого, шинжлэх ухааны байгууллагын хүний нөөцийн менежмент, санхүүжилтийн зөв, оновчтой бүтэц, хөрөнгө оруулалтын таатай орчинг яаж бүрдүүлэх, үүний тулд дэд бүтцээ хэрхэн  сайжруулах, бий болгох, төр шинжлэх ухаан хоёр, шинжлэх ухааны байгууллагууд өөр хоорондоо хэрхэн түншлэх, яаж хамтарч ажиллах зэрэг бидний өмнө шийдлээ хүлээсэн маш олон асуудлаар эрдэмтэн мэргэд, шийдвэр гаргагчид илэн далангүй ярилцаж, ойлголцож нэгдсэн байр суурь шийдэлд хүрч чадна гэсэн их хүлээлт салбарынханд минь байна. 9-р сарын 26-ны салбар хуралдаануудаас гаргасан зөвлөмжийг төслүүдээ багцалж 9-р сарын 27-ны Төрийн ордны их танхимд болох нэгдсэн хуралдаан оруулж дахин хэлэлцүүлнэ. Ингэж бид хөгжлийн шийдэл, гарцыг харсан оновчтой шийдвэрүүдийг их хурлаасаа гаргана гэж харж байгаа.

Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хуралд  Төрийн тэргүүн илгээлт ирүүлэх байх, Ерөнхий сайдын  ивээл дор болж байгаа учраас  ерөнхий сайд өөрийн биеэр оролцоно, үндсэн илтгэлийг БСШУС-ын сайд илтгэнэ. Түүхэндээ анх удаа зохион байгуулж байгаа анхдугаар их хурлаар эрдэмтэн судлаачдынхаа санал, шүүмжийг  өргөн хүрээнд сонсоно. Нэгдсэн хуралдаанаас гарсан зөвлөмжид Засгийн газар, салбарын яам ямар бодлого барьж ажиллах, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын баримталж ажиллах үндсэн чиглэл гарна. Гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхийн төлөө их хуралд оролцогч бүх талууд хамтарч ажиллана.

-Өнөөдөр шинжлэх ухааны байгууллага, аль нэг хүрээлэнгээр ороход  нурж унах дөхсөн байшингийн хөгцтэй өрөөнд цалин багатай  ажилтнууд   ном шагайн цаг наргүй  ажиллаж суудаг.  Салбарынх нь хөгжил хоцрогдсон  ч  манай эрдэмтэн судлаачид  дэлхийтэй хөл нийлүүлж, зарим нь  хөгжсөн улс орнуудын тэргүүлэх салбарт  урилгаар ажиллаж ирсэн. Одоо бүх  асуудлаа  цэгцэлж, нэг мөр шийдсэн Анхдугаар хурал болж чадна байгаа? 

-Шинжлэх ухааны салбарынхан түүхэндээ анх удаа их хурлаа хийх гэж байна. Үүний өмнө 2008 онд Шинжлэх ухааны салбарын ажилтны улсын зөвлөгөөн хийж байсан. Ний нуугүй хэлэхэд, шинжлэх ухааны салбарын ажилтнууд салбарынхаа   өмнө тулж тулгамдсан асуудлыг нухацтай ярилцан хуралдаж, санал зөвлөмж гаргасан удаа байхгүй. Энэ удаа харин шинжлэх ухааны салбарын ажилтнууд, эрдэмтэн мэргэдээс, төр засгаас бидний, нийгмийн хүсэн хүлээж байгаа олон сайхан шийдвэрүүд гарна гэдэгт найдаж, хүлээж байна.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ сонин. 2019.09.17