МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатартай сэтгүүл зүйн төрөл зүйлийн нэг ярилцлага, ярилцлагын сэтгүүлчийн ёс зүйн асуудлаар ярилцлаа.
-Ярилцлагын сэтгүүл зүй гэж нэрлэж болох шинэ чиглэл бие даан гарч ирсэн тухай судлаачид тэмдэглэдэг. Үнэхээр ч өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн гол контент нь ярилцлага болоод байна. Тэгвэл энэ ярилцлагын сэтгүүл зүй маань хэр зөв хөгжиж байна вэ?
-Ярилцлага авах ур чадвар бол сэтгүүлчийн ажлынх нь үндэс. Ярилцлага хэлбэрээр олон нийтэд хүргэж болно. Хүргэхгүй байсан ч мэдээлэл олж авах үндсэн арга бол ярилцлага байдаг. Бүх л эх сурвалжуудтайгаа ярилцдаг. Харин ярилцлага хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилготой тодорхой нэг формат олоод бодчихсон, сонин, интернэт эх сурвалж, эсвэл телевизийн эфирээр хүрдэг ярилцлагын хэлбэрүүд байна. Орчин үед ярилцлагын тодорхой нэг өвөрмөц форматын эрэлд сэтгүүлч бүр явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ арга хэлбэр рүү шилжээд байна. Уламжлалт хэлбэрийн асуулт хариулт өрдөг формат уйтгартай, сунжруу болоод байгаа. Тиймээс хэрэглэгчийнхээ мэдээллийнхээ хэрэгцээг түшээд форматыг нь сонирхолтой болгох арга хэлбэрүүд нь өөр болж байна. Үүн дээр нэмэхэд сэтгүүл зүй өндөр хөгжсөн Европын улс орнуудад ярилцлагын нэвтрүүлгүүдийн хажуугаар түгээмэл болж буй нэг хэлбэр нь хэлэлцүүлгийн нэвтрүүлгүүд болсон.
-Манайд олон нийтэд хүрсэн, хүрч буй ярилцлагын контентууд бий. “Цензургүй яриа”, “Улаан бал” зэргээр нэрлэж болно. Ярилцлагын контентууд сэтгүүл зүйн чиг баримжаа, ёс зүйгээ хэр мөрдөж байна вэ?
-Сэтгүүлчийн ёс зүй гэдэг өргөн хүрээний ойлголт байдаг. Сэтгүүлчийн ёс зүйн зарчим гээд томьёолохоор 9-10 зүйлтэй товч зарчим бий. Хууль болохгүй, хууль бусаар мэдээлэл авч болохгүй гэх мэт хэдхэн зүйлийг илэрхийлсэн. Монгол Улсад сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой албан ёсоор баримтлагддаг гурван бичиг баримт байгаа. Эхнийх нь Сэтгүүлчийн ёс зүйн зарчим гээд есөн зүйл заалттай, хоёр дахь нь Хэвлэлийн зөвлөлөөс сүүлд баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим гээд 10 зүйл заалттай. Дээр нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллага учраас тус холбооны сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг мөрддөг. Энэ баримтуудаас гадна нийтлэг олон нийтийн мэдээлэл гэдэг зүйлд ёс зүйн шалгуур шаардлага, гоо зүйн шалгуур, шаардлага гэх мэт олон шалгуур бий. Түүнийг хувь хүн, сэтгүүлч, эсвэл нэвтрүүлгийн баг дотроо шийдэж байгаа асуудал. “Цензургүй яриа”,“Улаан бал” гэх мэт форматын ярилцлага олон нийтийн анхаарлыг их сайн татаж байгаа гэсэн хуурмаг үзэгдэл бий болчихсон. Байцаалт авч байгаа форматаар явахаар хүмүүст таалагддаг. Үзэгчийн өмнөөс өшөө авч өгч байгаа юм шиг харагддаг. Ийм формат монгол үзэгчдэд таалагдаж байна. Гэхдээ сэтгүүл зүйн амин сүнс ерөөсөө олон нийтийн эрх ашиг, иргэдийн үнэнийг мэдэх эрх гэдэгт үйлчилж байдаг тогтолцоо. Нэг сэтгүүлчийн алдаа, нэг редакцийн алдаа, нэг ёс зүйн алдаа сэтгүүл зүйн зогсохгүй эргэж байгаа машины үйл ажиллагааг гацаадаг, хүчгүй болгодог. Яг энэ форматыг сонгож авч байгаа хүмүүс, ийм форматаар олон нийтэд ярилцлагын нэвтрүүлгийг хүргэж буй хүмүүсийн хувьд сэтгүүл зүйн ёс зүйн зарчим гэхээс илүүтэй хувийн ёс суртахууны асуудал болчихож байгаа юм.
-Сонин, телевиз алинд ч бай ажиллах сэтгүүлчийг ярилцагчаа урьдаас судалж, асуултаа бэлдэж очих ёстой гэдгийг онолын хичээл дээр багш нар хамгийн ихээр онцолж хэлдэг, анхааруулдаг. Тэр дундаа ярилцагчаа хүндлэх тухай асуудал ярилцлагын соёл гэгддэг. Энэ зарчим ер нь биелэгдэж байна уу?
-Ярилцагч нэгдүгээрт хүн. Хүн юм чинь эрхтэй. Тэгэхээр ярилцлага авч байгаа сэтгүүлч хүн урьдчилсан зорилго тавих шаардлага байхгүй. Ярилцлагын нийт агуулга асуулт маань иргэдийн эрх ашиг, иргэд юуг мэдэх ёстой вэ гэдэг дээр тулгуурлаж бий болох ёстой болохоос биш хувийн харилцааны хэлбэрээр, улс төрийн зорилгоор асуултууд бэлтгэгдэх ёсгүй. Ярилцагчийг хүндлэх, дайралт хийх, хийхгүй тухай асуудал цэвэр харилцааны асуудал. Хувь хүний ёс суртахууны асуудал болж байгаа юм. “Улаан бал”-ын Ч.Лодойсамбуу сэтгүүлчийн хувьд сэтгүүл зүйн зорилгыг биелүүлж байгаа дүр зураг харагддаг. Тэр нь ч магадгүй үзэгчдэд таалагддаг байх. Гэхдээ нөгөө талаар сэтгүүлчийн хувь хүний харилцааны соёл, телевизийн эфирийн ёс зүй, гоо зүй гэдэг асуулттай илүү уялдана.
-Ямар нэгэн асуудалд холбогдсон ярилцагч ярилцлагын явцад өөрийгөө сайнаар харуулахыг хүснэ. Сэтгүүлч түүнийг нь ил гаргахыг хичээнэ. Ингэхийн тулд дайралт хэлбэрээр асуух тохиолдол гарч болно шүү дээ?
-Нэг кейс хэлье л дээ.BBC-ийн “Hard talk” шоуны хөтлөгч улс төрийн маргаантай асуудлаар зочин уриад нэг асуулт асуусан байгаа юм. Нөгөө зочин нь асуултаас бултаад тойруулж хариулсан. Тэгэхээр хөтлөгч нэг асуултыг долоон янзаар өөрчлөөд асуусан байдаг. Хамгийн сүүлийнх дээр нь хариулахаас өөр аргагүй болсон. 30 минутын нэвтрүүлэгт долоон асуулт. Долоон асуулт нь үндсэндээ нэг агуулгатай. Үүнээс харахад сэтгүүлч соёлтойгоор ажлаа гүйцэтгэх ёстой гэсэн санаа ургаж байгаа юм. Учир нь эфирийн соёл, эфирийн гоо зүй гэж зүйл бий. Зурагт үзэж байгаа үзэгчид түвэг учруулах ёсгүй. Ямар нэгэн байдлаар гарч байгаа дүр, сонсогдож буй дуу, дүрс нь тухайн контент, агуулга, мэдээллийг хүлээж авах процесст нь түвэг учруулах ёсгүй.“Цензургүй яриа”,“Улаан бал”-ын формат бол юу ярьж буй нь, ямар мэдээлэл үзэгчдэд өгөх гэж байгаа нь чухал биш. Нөгөө ярилцагчийнх нь гацаж, нүүр улайж, сандарч суугаа байдлыг харуулахад болчих юм шиг харагдаж байгаа. Сэтгүүлч ингэж зориг зүрхтэйгээр хүн ялж буй процессыг харуулаад байгаа. Мэдээлэл өгөх зорилгоосоо хазайгаад байна гэдэг нөгөө л эфирийн соёл алдагдаад байгаагийн илэрхийлэл. Энэ бол сэтгүүлчийн ёс зүйн асуудал гэж тулгаж болохгүй ч эфирийн соёл, гоо зүйн шаардлагууд, дээр нь хувь хүний харилцааны соёл, ёс суртахуунтай илүү холбоотой. Тэдгээр нь зөрчигдөж байгаа хэлбэрүүд. Яахав, үзэгчид ийм форматтай ярилцлагууд таалагдаад байна гэсэн хуурамч үзэгдэл л байгаа юм.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн үед үйл явдлыг шууд дамжуулах технологийг ашиглах нь нэмэгдэж байна. Шууд дамжуулалтын сувгуудаас “Зариг.мн” сайтыг онцлох ёстой. Тэд шуурхай, дайчин ажиллаж байна. Гэхдээ дээр таниас асуусанчлан ярилцагчаа хүндлэх асуудал энэ тохиолдолд бас л хөндөгдөж харагддаг. Та үүнийг юу гэж дүгнэж байна?
-Энэ бол хүний эрхийн тухай асуудал юм. Бусдын эрхийг хүндэтгэх ёстой. Хүсээгүй байхад нь ярилцлага авах нь буруу. Ярилцлага өгчихөөд “Би наад ярилцлагыг чинь тавиулахгүй” гэх эрх ч ярилцагчид бий. “Би ярилцмааргүй байна” гэх эрх ч тэдэнд байгаа. Үүнийг дээрмийн үйлдэлтэй зүйрлэж болно. Хүний эрхийг тийм хэмжээнд зөрчиж байгаа үйлдэл.
-Сэтгүүлч, ярилцагч, хүлээн авагч гэсэн гурвал холбоонд ярилцагчаас дутуугүй сэтгүүлчийн эзлэх хувь ихээхэн нэмэгдсэн гэж утга зохиол шүүмжлэгч, доктор П.Батхуяг дүгнэсэн байдаг. Сүүлийн үеийн ярилцлагын нэвтрүүлгүүдэд сэтгүүлч зочноосоо илүү ярих нь элбэгшсэн. Ярилцлагын формат гэж байдаг уу?
-Ярилцлагын гол дүр нь мэдээлэл өгч байгаа ярилцагч. Сэтгүүлч тэндээс үзэгчдэд очих ёстой агуулга контент мэдээллийн зорилгод үйлчилж байгаа л хүн. Ярилцлагад тавигддаг стандарт шаардлагууд бий л дээ. Телевизийн ярилцлага гэхэд нийт хугацааны 15 хувьд сэтгүүлч ярих ёстой гэдэг.
-АТГ-аас авлига авч байгаа хүний үйлдлийг харуулсан бичлэгийг өнгөрсөн сард олон нийтэд ил болгосон. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүний нүүр царайг Монгол даяар харж, тэр хүнийг жигшин зэвүүцлээ. Өмнө нь ял шийтгэлээ хүлээчихсэн хүнийг ингэж олон нийтэд ил болгож шившиглэж дахин шийтгэх нь хүний эрхийн зөрчил гэж манай сонин бичсэн. Үүнийг эмзэгээр хүлээж авч буй хэсэг ч байсан. Нөгөө талаар ийм хүний эрхийг зөрчсөн бичлэг, мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүд шууд дамжуулсан нь хэр зөв бэ. Ийм тохиолдолд редакци ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Нийгэмд ямар ч мэдээлэл цацагдахад бэлэн болчихоод байна. Түүнд сэтгүүлчийн оролцоо байх албагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо ч байх албагүй болчихож. Ер нь олон янзын хувь хүний туйлширсан субьектив үзэл баримтлал дээр үндэслэсэн мэдээллүүд олон нийтийн сонирхлыг татаж байна. Ийм орон зайд хэвлэл мэдээллийн хэрэгслийн контент нь, сэтгүүл зүйн зорилго нь, мэдээлэл нь өөрөө ямар байх ёстой вэ гэдэг асуулт тулгарч байгаа юм. “5W 1H” гэдэг ойлголт, тэр түвшний мэдээлэл дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчид угаасаа хоцорчихсон. Үүний араас сэтгүүлчид хөөцөлдөх ч шаардлагагүй. Мэдээллийн хөтөлбөр, зорилгоо бид биелүүлнэ. Гэхдээ энэ бол гол зүйл биш. Бид өөр асуултуудад хариулах ёстой. Яагаад, яг юу болж өнгөрөв, хэнд хамаатай вэ, надад ямар хамаатай вэ, үр дагавар нь юу вэ, тэгээд яах гээд байгаа юм гэдэг хэрэглэгчийн асуултууд байна шүү дээ. Эдгээр асуултуудыг тойрч контент бүтээх ёстой.
“Өдрийн сонин” хүний эрхийн асуудлыг хөнддөг нь маш зөв алхам болсон. МУБИС-ийн багш Ж.Батбаатар “Сэлэмчний ах буруугүй шүү” гээд л бас зэмлүүлсэн. Нийгэмд хамаатуулж буруутгадаг, нийтийн дайсан гэж нэг хүн заавал өдөр бүр гарч ирж байх ёстой юм шиг хандлага бий болчихоод байна. Хамгийн ёс зүйгүй эмч нь хэн бэ, хамгийн ёс зүйгүй багш нь хэн бэ, хамгийн авлигач нь хэн бэ гэсэн дайсныг өдөр бүр хайгаад байгаа юм, сошиал орчин. Яг энэ тоглоомонд сэтгүүл зүй өөрөө хутгалдах шаардлагагүй. Ул суурьтай, үр дагаврын тухай, ач холбогдлын тухай мэдээлэл бэлтгэх ёстой.
-Сэтгүүлч бүр өөрийн гэсэн өнцөг, өнгөтэй байх ёстой гэдэг. Үүнийг ч залуу сэтгүүлчид хүсдэг. Орчин үеийн сэтгүүлчид тэгвэл ямар байх ёстой болж байна вэ?
-Сошиал орчинд биеэ авч явж буй хувь хүн ч тэр, сэтгүүлчийн салбарт карьер хийгээд явж байгаа залуучуудын дунд ч тэр ер нь онцгойрох, бусдаас ялгарах хандлага байна. Зарим нэг улстөрчийн хувьд онцгойрох гэдэг бүр өвчин болж байна. УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн хувьд гэхэд онцгойрох гэдэг чинь өвчин тийшээгээ явж байна. Ийм гажиг хаа сайгүй байгаа, зөвхөн Монголд ч биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа контент гэхээр гурван үндсэн шинж чанарын мэдээллүүд явж байна. Пи-арын мэдээллүүд буюу хэн нэгний үзэл санаа, ямар нэгэн байгууллагын нэр төр, имиджийг бий болгох зорилготой. Маркетингийн мэдээлэл буюу зар сурталчилгаа, танилцуулга, ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг таниулах хоногшуулах зорилготой. Тэгээд сэтгүүл зүйн контент. Сэтгүүл зүйн контент нь иргэдийн эрх ашиг, иргэдийн мэдэх эрхэд үйлчилж байгаа контентууд байх ёстой. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүл зүйн мэдээллийг хүргэдэг тогтмол форматуудыг янз бүрээр бодож олж байна. Гол хандлага нь тодорхой нэг нэвтрүүлгийн формат бодож олоод түүнийгээ дараа нь контент маркетингийн арга хэрэгсэл болгодог зарчим руу түлхүү явж байна. Гол нь тэр нь бусдаас ялгарсан үзэмтэй байх л чухал. Тэгээд нь тэр контентоо маркетингийн арга хэрэгсэл болгож, редакци мөнгө олдог боломж ч бий болж байна.
Б.ЭНХЗАЯА