Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.
Тэрбээр мэдээллийн эхэнд "Угаарын хийнд хордож амь насаа алдсан иргэдийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар олон ажил хийж байгаа. Сүүлийн 20 гаруй жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүлсэн ч системтэй цогцоор асуудлыг шийдэж чадахгүй өнөөг хүрсэн. Засгийн газар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоол гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс сайжруулсан шахмал түлшийг “Тавантолгой” түлш компанид үйлдвэрлэж байна. Цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлуудаа эрчимтэй үргэлжлүүлнэ.
Сайжруулсан шахмал түлшийг ард иргэд хэрэглэх явцдаа шат шатандаа анхаараагүйгээс мөн аюулгүй байдлаа хангаагүйгээс угаарын хийнд хордох тохиолдол гарч байгаа. Тиймээс угаарын хий мэдрэгчийг нэг удаад үнэ төлбөргүй гэр хороолын 220 мянган айлд тараах шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гаргасан" гэлээ.
Мэдээллийн дараа сэтүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч нийлүүлэх хүртэл ямар арга хэмжээ авах вэ?
-Асууда, бэрхшээл гарангуут бодлогоо өөрчилж болохгүй. Нийтдээ 25 мянган шахмал түлшийг ард иргэдэд борлуулсан. Түүхий нүүрсээ сайжруулсан түлшинд шилжүүлж байгаа нь галлагаандаа хувьсгал хийж байна гэсэн үг. Тиймээс иргэд маань зуухныхаа битүүмжлэлийг сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт стандартын бус, техникийн бус зуух ашиглахгүй байх шаардлага тулгарч байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хийсэн судалгаагаар 51.4 хувь нь уламжлалт зуух хэрэглэж байна гэсэн дүн гарсан.
-Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг хаанаас нийлүүлэх вэ?
-Улаанбаатар хотын Засаг даргад үүрэг өгсөн. Тусгайлан ажлын хэсэг ажиллана. Ирэх сарын 1-нээс өмнө иргэд тус төхөөрөмжийг хүргүүлэх ажил хийгдэнэ.
-Хэдэн төгрөгөөр мэдрэгч төхөөмжийг худалдаж авах вэ?
-Одоо үнэ ярихад эртэднэ. Дараа нь шахаа хийх гэлээ гэсэн асуудал үүсдэг. Захиалгыг үйлдвэрээс нь шууд хүргэнэ. Тухайлан шууд гэрээ хийгдэх учраас дундаа шахаа үүсэхгүй.
-Хариуцлагын асуудал яригдах уу?
-Нэгдсэн албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. Хариуцлага тооцох асуудал яригдсан ч явж байгаа ажлыг тасалдуулах ёсгүй. Засгийн газраас цаашид агаарын бохирдлыг бууруулах үүднээс боломжтой нөхцөлөөр хангана. Бид 80 орчим тэрбум төгрөг зарцуулж айл өрхийг цахилгаан халаагуураар халаах нөхцөл бүрдүүлсэн.
-Сайжруулсан түлштэй холбоотойгоор цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг болиулах гэх мэдээлэл бодитой юу?
-Албан ёсоор тийм шийдвэр гараагүй. Ер нь албан ёсны мэдээллийг холбогдох албан тушаалтнаас нь авахгүй бол хэн нэг хүн өөрийнхөө бодлыг яриад байгаа шүү.
-Хүйтрээд эхлэхээр сайжруулсан түлшний хэрэглээ нэмэгдэнэ.Энэ нь агаараар дамжин иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй юу?
-Шинжлэх ухааны үндэслэлгүйгээр өөрийгөө тодруулах гэсэн хүмүүсийн оролдлого гарч байгаа. Хүчилтөрөгч дутагдсанаас угаартсан. Түүнээс бус агаарт утаа нь гарсны дараа угаартахгүй. Лабораторийн шинжилгээгээр батлагдсан бүтээгдэхүүнийг бид ард иргэдэд хүргэж байгаа.
Эх сурвалж: БОАЖЯ