Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламтай ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагын эхэнд та газрынхаа үйл ажиллагааны зорилго болоод ойрын хугацаанд хийж байгаа ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу?
- Баярлалаа. Манай газар иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 2019 оны 5 сард байгуулагдсан. Ажлаа хүлээж авснаас хойш бид нилээгүй ажлыг хийлээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/556 дугаар захирамжаар гадна орчны аюулгүй байдал, инженерийн барилга, байгууламжтай холбоотой иргэдийн эрүүл, аюулгүй орчинд эрсдэл учруулан, таагүй нөхцөл байдал бий болгож буй 5,423 асуудлыг газар дээр нь очиж ажиллан бүртгэсэн. Дээрх асуудлыг арилгуулах, орчны аюулгүй байдлыг хангуулахаар шат дараатай ажлуудыг төлөвлөн хийж байна.
Барилга, байгууламжийн норм, дүрэм, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, нийслэлийн 9 дүүрэгт барилгын ажил явуулж байгаа компаниуд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж, стандарт норм, дүрмийг мөрдөж ажиллаагүй 379 байршлыг судалгаагаар гаргалаа.
Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын гадна хаягийг стандартын дагуу нэг загварт оруулж, шинэчлэх ажлыг хийлээ.
Нийслэлийн Засаг даргын хотыг тогтвортой хөгжүүлэх бодлогын нэг хэсэг бол иргэдийн аюулгүй, тайван орчинг бүрдүүлэх ажил юм. Энэ ажлын хүрээнд Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, түүний хэрэгжилтийн талаар судалгаа хийсэн.
Мөн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд стандартад нийцэхгүй, хүүхдэд аюул учруулж болзошгүй тоглоомуудыг буулгаж, “Хүүхдийн тоглоомын талбайд тавигдах техникийн шаардлага”-ын бичиг баримтын эмхтгэлийг гаргаж байна.
Төвлөрсөн болон бие даасан ариутгах системд холбох боломжгүй газар үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, амралт, аялал жуулчлалын газар, шатахуун түгээх станцуудыг MNS5924:2015 стандартын шаардлагыг хангасан бие засах газар, бохирын цооногтой болгох зэрэг ажлуудыг шат дараатай хийж байна. Мөн “Хотын стандарт, техникийн зохицуулалтын баримт бичиг”-ийг боловсруулж байна.
- Барилгын компаниудад иргэдийн аюулгүй байдлыг хангаж, стандартыг мөрдүүлэх талаар ямар ажлуудыг хийж байна вэ?
- Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд бид өнгөрсөн 9 сард “Барилга болон замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” гарын авлагыг эмхтгэн гаргасан. Цаашид барилга болон замын ажил гүйцэтгэх компаниуд энэхүү эмхтгэлийг ашиглаж, аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.
Харин барилгын ажил явуулж байгаа компаниудын тухайд 2020 оны 5 дугаар сарын 1-ний дотор барилга байгууламжийн норм, дурэм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах учиртай. Ингэснээр иргэдийн аюулгүй тайван орчинд амьдрах нөхцлийг нэг талаасаа хангаж байгаа юм. Нөгөө талаасаа хотын өнгө үзэмжид ч эерэгээр нөлөөлнө. Цаашид нийслэл хотод барилга бүтээн байгуулалтын ажил их хийгдэнэ. Иймд стандарт, норм, дүрмийг баримталж, аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах шаардлагатай байна.
- Дээрх шаардлагыг биелүүлээгүй компаниудад ямар арга хэмжээ авах вэ? Энэ тал дээр зохицуулалт байгаа юу?
- Байгаа. Ирэх оны 5 дугаар сарын 1-ний дотор иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлагын дагуу ажиллаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртлэх арга хэмжээг шат дараатай авах болно. Ер нь барилгын компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, барилга, байгууламжийн норм, дүрэм, стандартыг мөрдөж ажилламаар байна. Өнгөрсөн хугацаанд баригдаж байгаа барилгын ойр орчмоос хүүхэд, залуучууд бэртэж, гэмтсэн бүр нас барсан харамсалтай хэргүүд гарч, нийслэлийн иргэдийн тайван байдлыг алдагдуулж байсан шүү дээ.
Бид хийж хэрэгжүүлж байгаа ажилтайгаа холбогдуулан Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс статистик тоон судалгаа авсан. 2019 оны эхний хагас жилийн байдлаар уналтаас үүдсэн гэмтэл бэртлээр эмнэлэгт хандсан 28,600 гаруй иргэн байдаг юм билээ. Энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Бид энэ тоог бууруулж, иргэдийнхээ эрүүл, тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, стандарт норм дүрмийн хэрэгжилтийг хангуулахаар ханцуй шамлан ажиллаж байна даа.
- Төрийн захиргааны байгууллагууд гадна хаягаа шинэчлэх ажил хэзээ дуусах вэ?
- Нийслэлийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1,200 гаруй байгууллага байдаг. Эдгээр байгууллагуудын гадна хаягийн загварын 90 орчим хувь нь хууль, журам, стандартад нийцээгүй, төрийн сүлд, соёмбыг буруу хэрэглэсэн, өнгө загвар үсгийн хэмжээг баримтлаагүй зэрэг олон алдаа дутагдлууд байсан.
Бид гадна хаягийн самбарын загвар, хэмжээг дээд газар, яам, тэдгээрийн харьяа байгууллага, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, харьяа байгууллага гэсэн 3 загвараар стандартчилж гаргасан. Байгууллагууд 2019 оны 10 дугаар сарын 15-ны дотор гадна хаягаа шинэчлэхээр ажиллаж байна.
Гадна хаягаа шинэчлэн, стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа байгууллагуудад талархаж байна. Энэ нь тухайн байгууллагын нүүр царайг харуулаад зогсохгүй Улаанбаатар хотын маань төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг харуулж байгаа юм. Бид цаашид хувийн хэвшлийн байгууллага болон худалдаа, үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна хаягжилтад стандарт нэвтрүүлнэ.
- Нийслэлд хүүхдэд аюул учруулж болзошгүй хичнээн тоглоомын талбай байна вэ?
- Бид нийслэлийн 9 дүүрэгт хүүхдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа, стандарт норм, дүрмийг мөрдөж хийгээгүй 301 байршлыг судалгаагаар гаргалаа. Эдгээр асуудлыг арилгуулж, хүүхдэд аюул учруулж болзошгүй тоглоомыг буулгуулах ажлыг ирэх оны 5 дугаар сарын 1-ний дотор хийнэ.
Мөн “Хүүхдийн тоглоомын талбайд тавигдах техникийн шаардлага”-ын бичиг баримтын эмхтгэлийг гаргаж байна. Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гаргасан тоон судалгаагаар 2018 онд тоглоомын талбайн тоног төхөөрөмжөөс гэмтэж, бэртсэн 1,175 хүүхэд байна. Үүнээс гэмтлийн шалтгаантай нас барсан 17 хүүхэд байгаа юм. Энэ тоог анхаарахгүй байхын аргагүй. Тиймээс цаашид “Хүүхдийн тоглоомын талбайд тавигдах техникийн шаардлага”-ыг мөрдөж ажиллахыг шат шатны байгууллагууд нь ухамсарлах цаг болсон байна. Бид ч хяналтаа тавиад, шаардлагаа хүргүүлээд ажиллах болно.
Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүүхдэд хандсан бүх зүйлсийг стандартчилсан байдаг бөгөөд ягштал мөрдөж, баримталдаг юм билээ. Манай хотын хувьд ч удахгүй тийм болно гэдэгт итгэлтэй байна
-Манай хотын хувьд хэзээ стандарттай болж, иргэдийн маань аюулгүй тайван орчинд амьдрах нөхцөл сайжрах вэ?
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хотын стандартыг гаргаж, түүнийгээ амьдрал ахуйдаа ягштал хэрэгжүүлж байна. Зарим орнууд хотын стандартыг хөгжлийнхөө түлхүүр ч гэж ярих нь бий. Учир нь хотын стандарт нь тухайн хотынхоо тогтвортой хөгжил, иргэдийн тайван, аюулгүй амьдрах үндэс болдог байна. Ер нь хотын стандартыг зөв дэд бүтэц, аюулгүй орчин, тогтвортой хөгжил гэж ойлгож болно.
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: Т.Саран, iKon.mn