“Уул уурхайн үйл ажиллагаан дахь химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент ба нөхөн сэргээлтийн асуудал” сэдэвт сургалт болов

A- A A+
“Уул уурхайн үйл ажиллагаан дахь химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент ба нөхөн сэргээлтийн асуудал” сэдэвт сургалт болов

 

Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Байгаль Орчны Засаглал Хөтөлбөрийн хүрээнд “Уул уурхайн үйл ажиллагаан дахь химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент ба нөхөн сэргээлтийн асуудал” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалт нь Монгол улсад химийн хог хаягдлын хорт нөлөөнөөс хамгаалах, бууруулах нэгдсэн зохицуулалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх бодит хэрэгцээ шаардлага тулгарсан үед зохион байгуулагдаж, 21 аймаг болон нийслэл хотын мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг хамруулж буйгаараа онцлог юм. Гурван өдрийн турш үргэлжлэх уг сургалт, хэлэлцүүлгийг нээж НҮБХХ-ийн Монгол дахь орлогч суурин төлөөлөгч хатагтай Нашида Саттар үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол орон шиг байгалийн баялагаас хамаарал бүхий хөгжиж буй олон улс оронд тулгамдаж буй онцгой чухал асуудал болох олборлох аж үйлдвэрээс учрах байгаль орчны нөлөөллийн талаар хэлэлцэж буйд талархууштай. Монгол улс эдийн засгийн хувьд өсөн дэвжиж, аж үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж буй өнөө үед хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, тогтвортой хөгжлийг бий болгох нь туйлын чухал юм” хэмээнонцлов. Уг сургалтаар уул уурхайн салбар дахь химийн хорт болон аюултай бодисын ангилал, эрсдэл, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, хогийн менежмент, хариуцлагатай уул уурхай зэрэг цогц мэдлэгийг оролцогчдод олгох юм.

Монгол Улсад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь Байгаль Орчны Засаглал Хөтөлбөрийн хүрээнд Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж уул уурхайн салбар дахь байгаль орчны бодлого, эрхзүйн орчныг сайжруулах, байгаль орчны хуулиудыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чадавхи, хамтын зохицуулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн зөрчлийг бууруулах, уул уурхай болон хууль бус олборлолтоос үүссэн эвдэрсэн болон орхигдсон газрын тоо хэмжээг бууруулах, цаашид шинээр үүсэхээс сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлээд байна. Тухайлбал, төслийн хүрээнд Мэргэжлийн хяналтын газартай хамтран уул уурхай бүхий бүс нутгуудад хамтарсан үзлэг хяналт явуулануул уурхайн үйл ажиллагаанаас үүссэн байгаль орчны хохирлыг тооцох, эвдэрсэн болон орхигдсон газрын тооллого хийх, шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэг сэдвүүдээр шат дараалсан сургалтуудыг зохион байгуулсны зэрэгцээ “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага, үнэлгээний аргачлал” гарын авлагыг боловсруулж хэвлүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлжээ.

Хариуцлагатай уул уурхай болон химийн бодисын менежментийн асуудал нь дан ганц талын оролцоогоор шийдэх асуудал биш бөгөөд засгийн газар, уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг холбогдох бүх талуудын хамтын хүч оролцоог хангасан тохиолдолд л урт хугацаанд тогтвортой, байгаль орчинд ээлтэй, цогц бөгөөд системтэй шийдэлд хүрэх боломжтой юм. Химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын менежмент, уурхайн нөхөн сэргээлтийн талаарх энэ 3 өдрийн сургалт нь Монгол Улсын уул уурхайн салбарт хуулийн хэрэгжилтийг хангах, байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Нийтэлсэн: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар