“ANNA HOME” АCРАМЖИЙН ТӨВИЙН ХҮҮХДҮҮД ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО

A- A A+
“ANNA HOME” АCРАМЖИЙН ТӨВИЙН ХҮҮХДҮҮД ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО

Өнгөрсөн оны 05 дугаар сард гал түймэрт өртөж, шатсан “Anna home” асрамж, халамжийн төвийн байрыг шинээр барих ажил аймаг, орон нутгийн захиргаа, байгууллага, аж ахуйн нэгжүүд, ард иргэдийн хамтын дэмжлэг, хандив тусламжаар өрнөж, өнөөдөр /2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр/ шинэ байрандаа нүүн орлоо.

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой, цэцэрлэг, сургуульд ойр байршилд газар олгож, аймгийн Засаг даргын А/234 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 77.0 сая төгрөг, Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр барилгын ажилд шаардагдах 30 тонн цемент буюу 600 уут, байшингийн блокны туслалцаа үзүүлсэн бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 5.5 сая, орон нутгийн төсвөөс 3,6 сая төгрөгийн хувцас, эд материалын дэмжлэг тус тус үзүүлсэн байна.

Тус төвийг байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй дэмжлэг үзүүлж ажилласан Голланд улсын “Бүхнийг хүүхдийн төлөө сан”-гийн төлөөллүүд болон тус төвийг барьж байгуулахад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн гүн талархаж буйгаа илэрхийлсэн юм.

“Anna home” хүүхдийн асрамж халамжийн төв нь 2006 онд П.Болдсайхан багшийн санаачилгаар үүсэн байгуулагдсан. Мөн 2007 оноос эхлэн Голланд улсын иргэн сайн дурын ажилтан Мартин Стофилстэй хамтран “Бүхнийг хүүхдийн төлөө” төрийн бус байгууллагын дэргэд “Anna home” хүүхдийн асрамж халамжийн төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. “Бүхнийг хүүхдийн төлөө” төрийн бус байгууллага нь удирдах зөвлөлийн 5гишүүн, захирал, гурван ээлжийн багш, манаач гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Бид өнгөрсөн 13 жилийн хугацаанд хагас болон бүтэн өнчин, нэн ядуу орлого багатай , орон гэргүй өрхийн эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг тав тухтай амьдрах, сурч боловсрох эрхийг нь ханган ажилласаар ирсэн. Энэ хугацаанд тус асрамжийн төв 126 хүүхдэд сурч боловсрох боломжийг нь ханган ажиллаж , хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээ үзүүлсэн байна. 2019 оны эхний улирлын байдлаар “Anna home” хүүхдийн асрамж халамжийн төвд 3-17 насны 22 хүүхэд хүмүүжиж 5н хүүхэд их дээд сургуульд суралцаж, мэргэжил эзэмшин, амьдралын гараагаа эхлүүлээд байгаа юм.