Дэлхий даяар дэгдэж буй Коронавирусын эрсдэлтэй холбоотойгоор эдийн засаг хүндэрч буй энэ үед Сангийн сайд төсвийн зардлаа танаж, төсвөө тодотгохгүй гэж зарласан. Та энэ мэдэгдлийн талаар ямар байр суурьтай байна вэ?
Эдийн засаг хүндрэлд ороод байгаа үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт, коронавирусын халдварын тархалт дэгдээд 70 гаруй хоног өнгөрч байна. Хоёрдугаарт, дараагийн давлагаа болж байгаа зүйл нь өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн хямрал. Мөн өчигдөрхөн Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас мэдэгдсэнээр халдварт өвчний тархалтыг нарийвчлан хянах боломжгүй боллоо. Чөлөөтэй тархах эрсдэл үүслээ гэж мэдэгдсэн. Энэ нь олон улсын зах зээл дээр гурав дахь савлагааг үүсгэж байна. Үндсэндээ олон улсын хөрөнгийн зах зээл бүтэн сарын туршид савлаж байна. Коронавирус нэг бүс нутагт бус дэлхий нийтээр тарж байна. 120 мянган хүн өвчилсөн, 110 гаруй улс оронд тархсан байна. Энэ бол дэлхий нийтийг хамарсан асуудал боллоо. Нөгөө талаар энэ нь зөвхөн өвчлөлийн асуудал биш, эдийн засаг, санхүүгийн асуудал болж байна. Нэг өдөр намжихгүй нь тодорхой. Асуудал намжтал 1-2 сарын хугацаа байна. Энэ хугацаанд дэлхий нийтийн хүрээнд тасалдаж байгаа бизнесийн үйл ажиллагаанаас хамаараад дэлхийн эдийн засаг ямар хэмжээний хүндрэлд орох вэ гэдгийг нарийвчлан гаргах боломжгүй байна. Ерөнхийдөө энэ нөхцөл байдал нэлээд гүнзгий хямрал руу хөтлөх дүр зураг харагдаж байна. Ийм нөхцөлд бид доривтой арга хэмжээг авах ёстой. Арваад хоногийн өмнөөс улс орнууд яаралтай арга хэмжээ авах ёстой гэж G7-ын бүлгийн уулзалтаар уриалсан. ДЭМБ-ын тэргүүн одоогоос 14 хоногийн өмнө энэ өвчний эсрэг бололцоотой бүхий л арга хэмжээгээ авахыг улс орнуудад уриалсан. Тэр дундаа мөнгөний болон төсвийн бодлогоор хариу арга хэмжээ ав гэсэн. Тэр дор нь Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулсан. Мөн Австралийн төв банк бодлогын хүүгээ бууруулсан. Өчигдөрхөн Их Британийн төв банк бодлогын хүүгээ бууруулж байна. Улс орнууд эдийн засаг, бизнесээ дэмжих хариу арга хэмжээг аваад эхэллээ. Монголбанк ч бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулах арга хэмжээ авлаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд зөвхөн мөнгөний бодлогоор хүндрэлийг даван туулах боломжгүй гэдгийг олон улсын байгууллагууд хэлээд байна. Олон талын арга хэмжээ авах ёстой. Үүний нэг тал нь төсвийн бодлогын арга хэмжээ. Гэвч төсвийн талаас арга хэмжээ авагдахгүй, хоцрогдолтой яваад байна.
Сангийн сайдын тайлбарлаж байгаагаар бодлогын хүүгээс гадна арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулснаар эдийн засаг тэлж эдийн засаг руу ихээхэн хэмжээний мөнгө орж, хэвийн байдалд орно. Аж ахуйн нэгж байгууллагууддаа эргээд дэмжлэг болно гэсэн тайлбар өгсөн. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?
Бид өнгөрсөн 10 гаруйхан жилийн хугацаанд хоёр удаа ийм хүндрэлийг туулсан. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал, 2014-2015 оны туршид үргэлжилсэн эдийн засгийн сааралт. Эхний тохиолдолд дэлхийн эдийн засгийн хямрал байсан учраас богино хугацаанд 8-9 сар үйл явц нь болоод өнгөрсөн. Тухайн үедээ Засгийн газар, УИХ-аас шуурхай арга хэмжээ авч 2009 оны гуравдугаар сар гэхэд ОУВС-тай “Стэнд бай” хөтөлбөрөө тохироод санхүүгийн дэмжлэг аваад явсан. 2009 оны дунд үеэс эдийн засаг тогтворжиж эхэлсэн. 2014-2015 онд гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан, эрэлт хумигдсан учраас удаан хугацаанд аажим үргэлжилсэн. Энэ үед эдийн засгийг дэмжихийн тулд бодлогын хүүг бууруулах арга хэмжээг Монголбанкнаас авч байсан. Аажим өрнөж байсан үйл явц учраас Монголбанкнаас авсан мөнгөний бодлогын хүүг бууруулах арга хэмжээ хэдийгээр хугацааны хоцрогдолтой ч гэсэн 5-6 сарын дараа аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж очсон. Тэгээд ч нэмэр болоогүй. Учир нь ажилгүйдэл их хэмжээгээр нэмэгдэж байсан. Энэ удаа бодлогын хүүг бууруулж байгаа нь зөв. Гэхдээ энэ нь хүндрэлийг даван туулах хангалттай арга зам биш. Асуудал нь, халдварт өвчний онцгой нөхцөл байдлаас хамаараад үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан. Хоёрдугаарт, экспорт хязгаарлагдчихлаа. Энэ бол компанийн өөрийн үйл ажиллагаанаас хамаараагүй, гадаад хүчин зүйлээс хамаарч байна. Ийм нөхцөлд үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүд зээлээ төлөх чадваргүй болж байгаад нь ямар дэмжлэг үзүүлэх вэ гэсэн асуудал яригдаад байна. Үүнд мөнгөний бодлого хүрч нөлөөлж чадахгүй. Үзүүлсэн ч гэсэн тэр нь хангалттай бус. Энэхүү бодлогын шийдвэр нь хожуу нөлөөлнө. Урьд өмнөх түүх нь ч тийм байсан. 5-6 сарын дараа бодлогын нөлөө гарна.
Өнөөдрийн Сангийн сайд таны хэлээд байгаа 2014-2015 оны хямралын үед төсвөө тодотгох, зардлаа танах талаар ярьж байсан бол өнөөдөр тэс өөр зүйлийн талаар ярьж байна. Ярьж байснаасаа эсрэг зүйл ярих нь сонгуульд зориулсан төсвөө хамгаалах арга хэрэгсэл болоод байна уу гэж хардах нөхцөлд хүргээд байна. Сүүлд хийсэн тайлбараас нь харахад төсөв тодотгох шаардлага байхгүй. Хоёрдугаарт, төсвийг тэлж байж хямрgлыг даван туулна гэсэн ийм хоёр үндэслэл хэлсэн. Тийм юм уу гээд үзэхээр онолын хувьд боломжгүй. Тэр тусмаа манайх шиг эдийн засагтай нөхцөлд. Зах зээл нь хөнжсөн, бизнес нь жигдэрсэн улс орнуудын хувьд тодорхой бизнесийг дэмжсэн нөхцөлд тэр нь эргээд татвар төлдөг, татварын орлого нь нэмэгддэг үр өгөөж байж магадгүй. Гэтэл манай орны нөхцөлд гадаад зах зээлээс төсөв бүрдэх орлого нь хумигдсан байхад зарлага талаа өндөр хэвээр байлгана гээд байна. 2020 оны төсвийн орлого тал нь 11 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн. Зарлага талдаа 13.8 их наяд төгрөг зарцуулахаар баталсан. Гэтэл тодотгол хийхгүйгээр 13.8 их наяд төгрөгийн зардлыг хэвээр нь байлгая гэж байна. Үүссэн бүх нөхцөл байдлаас харахад орлого хувимагдах нь тодорхой байна. Олох ёстой орлогын хэмжээ буурч 8-9 их наяд руу очиход зардлаа дагаад танахгүй бол төсвийн алдагдал нэмэгдэнэ. 2 их наядын алдагдал 3-4 их наяд руу тэмүүлэх нь байна.
Эдийн засаг хүндэрвэл хамгийн түрүүнд ажиллах хүчний тоо буурна гэдгийг эдийн засагчид сануулж байгаа. Таны хувьд ямар төсөөлөл гаргасан бэ?
Бид нарын хувьд гадны олон улсын байгууллагаас ирсэн зөвлөх биш. 20-30 жил ажилласан Монгол Улсын эдийн засгийн талаар ярьж байна. Өнгөрсөн 13, 14 жил хоёр удаа хямралыг туулсан. Монгол Улсын эдийн засаг савладаг, хамааралтай, хүндэрдэг гэдгийг бүгд мэдэж байна. Экспортын цоохон түүхий эдээс хамааралтай орлого орж ирдэг учраас тэнд нэг доголдол үүсэхэд л маш олон салбар дээр доголдол үүсч байна. Экспорт хязгаарлагдлаа худалдаа үйлчилгээ салбар гээд маш олон салбар орлогогүй болж байна. 2008 оны үед ажилгүйдэл 137 мянгад хүрч байсан. 2014-2015 оны үед 127 мянгад хүрч байсан. Яг энэ үр дагавар давтагдах нь тодорхой болж байна. 2-3 сарын хугацаанд үйлчилгээний салбаруудын үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар хязгаарлалаа. Нэгдүгээрт, ажилгүйдэл нэмэгдэх эрсдэлтэй. Хоёрдугаарт, бизнесийн үйл ажиллагаа доголдож байна. Жижиг аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл орлого нь орж ирэхгүй бол удаан оршин тогтноход хэцүү. Монгол Улсын эдийн засгийн цикл яаж явдаг вэ, ямар үр дүнд хүргэдэг тоо, жишээ нь бодитой байна. Сэргийлэх арга хэмжээ авах боломж нь ч байна. Хамгийн багадаа 10 мянган хүний ажлын байрыг цомхотгох эрсдэл байвал тэрийг нь багасгаад 2-3 мянга болгох. Төсөв дээр байгаа үрэлгэн зардлуудаа хэмнээд бизнесээ дэмжих арга хэмжээрүү чиглүүлээч ээ. Тэрнээс биш төсвөө танаад борцлоод зарлагаа байхгүй болгоод өг гэсэн зүйл хэлээгүй. Тэр тусам урсгал зардлыг тана гэж хэн ч хэлээгүй.
Бодитой ямар зөвлөгөө өгч байна вэ? Тухайлбал, зээлийн хүүгээ бууруулах гэх мэт дэмжлэг үзүүл гэж яриад байгаа. МҮХАҮТ-аас таван зүйл заалт бүхий 20 санал хүргүүлж байгаа гэсэн. Та бүхний хувьд өнөөдрийн эрх баригчдад хандаж хэлэх ямар зөвлөгөө байна.
123 мянган аж ахуйн нэгжээс 84 мянга нь үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд байна. Эдгээрийн 70 хувь нь жижиг аж ахуйн нэгж. 1-9 ажлын байртай, худалдаа үйлчилгээний газар, цайны газрууд байна. Эдгээр газрууд хамгийн түрүүнд өртөнө. 2-3 сарын хугацаанд бизнесийн үйл ажиллагаа хаагдахад тэсэхгүй. 100-200 хүнтэй гадаад худалдаа эрхлэж байгаа барилгын компаниуд бол тэсч магадгүй. Улсаас тендер авдаг байгууллагууд бол улсаас тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр авсан, барьцаа хөрөнгө, тоног төхөөрөмжтэй байгууллагууд. Гэтэл нэг өрөө оффисоос өөр зүйлгүй найман нэрийн дэлгүүр шиг газрууд үүнийг тэсэхгүй. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол ажлын байрыг хадгалахад чиглэсэн арга хэмжээ юм. Энэ бол халдварт өвчин гэдэг талаасаа биш дэлхий нийтэд анх удаагаа тулгамдаж байгаа асуудал гэдгийг олон улсын байгууллагууд хэлээд байна. ДЭМБ, олон улсын байгууллагууд бүх талын арга хэмжээг ав гээд уриалаад байгаа юм. 1-2 сарын асуудал биш удаан хугацаанд үргэлжилсэн үйл явдал болохоор байна. Хамгийн эцэст нь хүн болгонд хүрч очих хохирол нь ажилгүйдэл, ядуурал, орлогогүй болох асуудал юм. Үүнийг хамгаалах арга хэмжээ авах ёстой. Үүнд эх үүсвэр гаргаж болно. Тэрийг гаргахын тулд төсөвт тодотгол хийгээч ээ. Эх үүсвэр хаана байна вэ гэхээр ач холбогдолын эрэмбээр дарааллуулахаар нэн чухал биш зардлуудаа танахад гарч ирнэ. Хуучин барилгыг өнөөдөр нураах хэрэг байна уу, хөшөө дурсгалыг одоо барих шаардлага байна уу, сумын төв дээр байгаа хуучин барилгыг нураагаад шинээр барилаа гээд ажлын байр нэмэгдүүлэхгүй.
Арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах, хүү төлөлтийг царцаах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Энэ тал дээр төрөөс оролцох болможгүй гэж байгаа. Тэгэхээр арилжааны банкууд сайн дураар шийдвэр гаргаж, хүү бууруулахыг хүлээх ёстой юу?
2000 оноос өмнө төрийн оролцоотой банкуудтай байсан. Одоо бол төрийн өмчит банктай гэж хэлэхэд хэцүү болсон. Үндсэндээ хувийн хэвшлийн банкны тогтолцоотой салбар бий болсон. Ийм нөхцөлд төрөөс оролцоод банкуудыг зээлийн хүүгээ зохицуул гэж хэлэх бололцоо байхгүй. Мөнгөний бодлогоор шинээр олгох зээлийн хүүг бууруулж байгаа боловч урд олгосон зээлийн асуудлыг шийдэх тодорхой эзэнгүй байна. Ийм нөхцөлд арилжааны банкууд бүх эрсдэлийг хүлээж чадахгүй. Магадгүй 1-2 банк багахан хэмжээнд энэ эх үүсвэрийг гаргаж чадна. Зээлийн хүүгийн алдангийг багасгахаас цааш хэтэрч чадахгүй. Зээлийн хүүг бууруулах хэмжээний чадвартай банк манайд одоогоор алга. Зээлийн хүүг бууруулах, алдангийг нөхөх тухай асуудал яригдаж байгаа бол төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх эх үүсвэр гаргаж өгч байж энэ хэрэгжинэ. Түүнээс биш арилжааны банк бүх харилцагч нараа урьж уулзаад зээлийн хүүг бууруулах боломж одоогоор байхгүй.