Ц.Гарамжав: Засгийн газар мэдээлэл, мэдлэггүйгээсээ болж ийм гэрээ байгуулсан гэдэг нь хачирхалтай

A- A A+
Ц.Гарамжав: Засгийн газар мэдээлэл, мэдлэггүйгээсээ болж ийм гэрээ байгуулсан гэдэг нь хачирхалтай

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “ОюуТолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай ”УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав үг хэллээ.

Тэрээр “Оюу Толгойн орд нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Бид ОюуТолгойн ордоо зөвөөр эзэмшиж,  хамтран ажиллах гэрээ байгуулсан бол Монгол Улсад өнөөдөр эдийн засгийн хямрал байтугай  дэлхийн хөгжингүй улсуудын тэргүүн эгнээнд жагсах байсан байх. Эдийн засгийн асар их үр өгөөжтэй орд. Монгол Улсад маш их хохиролтой болсон ОюуТолгойн гэрээг 2008-2009 оны Засгийн газар байгуулсан.  Мэдээлэл, мэдлэггүйгээсээ болоод ийм гэрээ байгуулсан гэдэг нь хачирхалтай. Одоогоос 40-өөд жилийн өмнө манайд Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад өнөөдрийн Монголыг тэжээгээд явж байгаа. Дэд бүтцийг нь байгуулж, Эрдэнэт хотыг бий болгосон. Уул уурхайн томоохон ордыг түшиглээд яаж улс орондоо ашигтай гэрээ хэлцэл хийж болдгийг Эрдэнэт үйлдвэрийн гэрээнээс харж болно. Эрдэнэт үйлдвэрийн жишгээр ОюуТолгойн гэрээг хийж болох байсан. Хэрэв Эрдэнэтээс жишиг авч гэрээг хийсэн бол 49/51 хувиар эзэмших, цаашлаад үйлдвэрийнхээ хөрөнгө оруулалтыг нөхөсний дараагаар 51/49 хувь болгох боломж байсан. 2009 онд ТЭЗҮ нь батлагдаагүй байхад ОюуТолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн байдаг.  Энэ нь Монголын Уул уурхай ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн .

ТЭЗҮ-ээр тэр ордод хичнээн тэрбум тоннын нөөцтэй зэс, алт, мөнгө молибден байгааг мэдэх ёстой. Баялагийг ямар хөрөнгө оруулалтаар ашиглаж болох , хэдэн жил ашиглах вэ гэсэн тоон үзүүлэлтийг гаргасан уул уурхайн хууль эрх зүйн баримт бичиг нь байдаг. Гэтэл тэнд юу байгаагаа мэдэхгүйгээр ханцуйн дотроо наймаалцсан ноён урваач гэдэг шиг улс орныхоо эрх ашгийг хохироосон гэрээг 2008-2009 оны төр засгийн нөхдүүд хийснээс өнөөдрийг хүртэл, ОюуТолгой ордыг тойрсон зөрчил маргаан, эх захгүй олон улсын хэрүүл болж байна. Хэрэв өнөөдөр Монгол Улс эдийн засгийн байдал хямралгүй, ард түмэн ядууралгүй байсан бол энэ гэрээ хэлэлцээр дээр тэсвэртэй тэвчээртэй үр дүнг нь хараад байж болох байсан. Гэвч сүүлийн үеийн ажлын хэсгүүдийн тогтоосон шалгалтын үр дүнгүүдээс харахад асуудал хүндрэх шинжтэй байна. Жишээ нь ОюуТолгой ордын анх тохирсон гэрээгээр 4.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт орно гэж заасан байсан. 2018 онд 11.1 тэрбум доллар болтлоо өссөн.  Энэ яагаад ингэж өссөн нь тодорхойгүй. Анхны тойм судалгаа тооцоо хаана байна. Дараа нь Дубайн гэрээгээр ордуудынхаа лицензүүдийг газар нутагтайгаа алдах байдалд хүрсэн. Ийм дордуулсан гэрээ хийж банкны өндөр хүүтэй зээлийг хөрөнгө оруулагчаас авч өнөөдрийн байдлаар ямар ч ашиггүй ажиллаж байгаа. 34 хувьцааныхаа өр хүүгийн хамт 1.5 тэрбум доллар орчихсон байгаа байдлаа ирээдүйн ноогдол ашигт суутгаснаар үзэх юм бол 2039 онд ойролцоогоор 1 тэрбум долларын өртэй үлдэх тооцоолол гарч байгаа юм. Тэгэхээр үүнд Монгол Улсын эрх ашиг хохирохоос гадна гэрээг дахин яаралтай шинэчлэх, засах, хөрөнгө оруулагч нартай хамтран ярилцах зайлшгүй асуудал үүсч байна. Их хурлын даргын тогтоол захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг маш сайн ажиллаж олон заалттай ОюуТолгойн гэрээ дээр байгаа зөрчил дутагдлуудыг илрүүлж дүгнэлт гаргасан. Мөн Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж УИХ-аас Засгийн газарт өгөх тогтоолын төслийг боловсруулсан. Төсөлд гарч байгаа зөрчил, ТЭЗҮ-ийг дахин тодруулан боловсруулах. Мөн Оюу Толгой орчмын байгаль орчны байдлыг дахин нарийвчилсан үнэлгээ хийлгэх. Улмаар Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төсөл байна.” гэв.