Монгол, Унгарын Засгийн Газар хоорондын Комиссын хурал боллоо

A- A A+
Монгол, Унгарын Засгийн Газар хоорондын Комиссын хурал боллоо

Монгол, Унгарын Засгийн Газар хоорондын Комиссын Монголын хэсгийн дарга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Унгарын хэсгийн дарга Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Юу Иштван нар цахим уулзалт хийлээ. Уулзалтад Монгол улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

 

Талууд уулзалтын үеэр хоёр орны найрсаг хамтын ажиллагааны илрэл болсон Биокомбинат УТҮГ-н иж бүрэн шинэчлэлийг дэлхий дахинд тархаад буй цар тахлын хүнд үед хэрхэн оновчтой байдлаар урагшлуулах, тулгамдаж буй асуудлууд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, зохион байгуулж ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Мөн цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарт үр дүнтэй, ач холбогдолтой төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

 

Үүнээс гадна Төрийн Нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монголын боловсролын салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж буй Унгар Улсад талархал илэрхийлээд Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг 2023 он дуустал үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн.

 

Түүнчлэн хоёр орны хооронд худалдааны эргэлтийг сайжруулах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд талууд санал нэгдлээ. Унгарын талаас уул уурхай, геологи, усны менежментийн чиглэлээр цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх эдгээр салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих саналыг тавьсныг монголын тал нааштайгаар хүлээн авч дэмжин, анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ