Ө.Батцэцэг АХБХ-ны элит шүүгч боллоо

A- A A+
Ө.Батцэцэг АХБХ-ны элит шүүгч боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч боллоо.

2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Завхан нутгийн бүсгүй тэрбээр тивийн шүүгчдийн шалгалтыг давж Монгол Улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч гэдгийг онцлох нь зүйтэй.

МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчиддээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгчид ийнхүү олон улс, АХБХ-ны элит зэрэгт хүрдэг.

АХБХ-ны Элит туслах шүүгч болсон Ө.Батцэцэгдээ удахгүй олон улсын тэмцээн дээр ажиллах томилгоо авч, амжилттай шүүн явуулахыг хүсье.