А.Ариунзаяа: Хүүхдийг 2 наснаас нь эхлэн цэцэрлэгт хамруулах бодлогоо үргэлжлүүлэх ёстой

A- A A+
А.Ариунзаяа: Хүүхдийг 2 наснаас нь эхлэн цэцэрлэгт хамруулах бодлогоо үргэлжлүүлэх ёстой

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхдийг гурван наснаас нь эхлэн цэцэрлэгт хамруулах тухай Боловсролын багц хуульд орсон заалт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулна гэж үзэж байна. Тэрээр өнөөдөр Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй "Жендэр ба хөгжил" чуулганыг нээж үг хэлэхдээ ийнхүү саналаа хэллээ. 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: 

"Монгол Улсад "Цалинтай ээж хөтөлбөр" бий. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажил хөдөлмөр эрхлээгүй, 0-3 насны хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдэд сард 50 мянган төгрөг олгодог. Гэтэл цагийн ажил эрхэлье, ойр зуурын ажил хийгээд мөнгө олъё гэсэн ээжүүдэд энэ 50 мянган төгрөгийг олгохоо шууд зогсоодог. Энэ нь ээжүүдийн ажил хөдөлмөрийг дэмжинэ гэхээсээ илүүтэй "Үгүй ээ, чи хүүхдээ хараад гэртээ сууж бай" гэсэн бодлого болж байна. 

Хоёрдугаарт, 21 дүгээр зуунд зөвхөн эмэгтэй хүн хүүхдээ хараад гэртээ суух цаг биш. Нөхөр нь, эрэгтэй хүн хүүхдээ хараад, эхнэр нь ажлаа хийгээд явж болдог нийгэм. 

МУИС-ийн хуулийн гуравдугаар курсийн оюутан Үндсэн хуулийн цэцэд "энэ хөтөлбөр эрэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан байна" гэсэн гомдол гаргаснаар "Цалинтай эцэг эх" хөтөлбөр болгон өөрчилсөн. 

 

Хүүхэд харах хүртээмжийг нэмэгдүүлж байж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

 

Цаашдаа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг ажил хөдөлмөр эрхэлснээс нь үл хамааран тэтгэмж явж байж энэ бодлого нь хөдөлмөр эрхлэлтийг ч, хүүхдийг ч дэмжсэн бодлого болох юм гэж бодож байна. 

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт бага байна. Учир нь сургууль цэцэрлэг хаагдахад ээжүүд ажлаасаа гараад хүүхдээ харж байна.  

Өнөөдөр Боловсролын багц хуулийн төсөл хэлэлцэж байна. Эрхэм хүндэт гишүүд минь ээ, гурван наснаас эхэлж хүүхдээ цэцэрлэгт хамруулна гэсэн томъёолол явж байна. Хоёр наснаас нь хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлогыг үргэлжлүүлэх тал дээр Засгийн газрын хуралдаанд үүнийг эсэргүүцэж би бодлоо хэлж байсан.

МАН-ын мөрийн хөтөлбөрт "Яслийг хөгжүүлнэ" гэсэн бодлого бий. Яслийг хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Хүүхэд харах хүртээмжийг нэмэгдүүлж байж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Хүүхэд харах үйлчилгээ манай яаманд эргээд ирж байна. Тэр чиглэлд өөрийн салбарын зүгээс хувь нэмрээ оруулахад хичээн зүтгэнэ" гэлээ.