Хэнтий аймагт "Талын түмэн адуу-2021", Баян-Өлгий аймагт "Бүргэдийн баяр" болно

A- A A+
Хэнтий аймагт

​"Ковид-19" цар тахлын улмаас олныг хамарсан үйл ажиллагаа болон уламжлал болгон зохиогддог зарим арга хэмжээ цуцлагдаад буй. Харин энэ сард болон ирэх арванхоёрдугаар сард хөдөө, орон нутагт олныг хамарсан хоёр үйл ажиллагаа зохиогдох тов гарчээ.

Морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой "Талын түмэн адуу-2021" арга хэмжээ Хэнтий аймгийн Батноров суманд байрлах "Тэнгэрийн Андгай" цогцолборт 2021 оны арваннэгдүгээр сарын 19, 20, 21-ны өдөр болно.

“Мөнх харилцаа” ТББ-аас долоо дахь жилдээ зохиож буй уг үйл ажиллагаанд 2000 гаруй хүлэг оролцуулж, адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, тэмцээн, урлагийн тоглолт зохиохоор төлөвлөжээ.

 

Мөн "Бүргэдийн баяр 2021" аялал жуулчлалын үйл ажиллагаа Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгой хэмээх газарт ирэх сарын 4, 5-ны өдөр болно.

Арга хэмжээг Баян-Өлгий аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын бүргэдчидийн холбоо, Казах шувуулахуйн холбоо, Монгол Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулах аж.