Соёлын салбарын залуучуудын зөвлөгөөн боллоо

A- A A+
Соёлын салбарын залуучуудын зөвлөгөөн боллоо

 

   Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарын залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, “Соёлын бүтээлч сар” аяны үйл ажиллагаануудад салбарын залуучуудын оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо” соёлын салбарын залуучуудын зөвлөгөөн Улсын Хүүхэлдэйн театрд 11 дүгээр сарын 11-нд зохион байгуулагдлаа.

   Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан соёлын салбарын залуучуудын зөвлөгөөнөөр, Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр соёлын яамнаас баримталж буй бодлого болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар салбарын залуучууддаа дэлгэрэнгүй танилцуулав. Түүнчлэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарын залуучуудын үүрэг оролцооны талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэхийн зэрэгцээ, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын болон манай улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлсэн сайн туршлагыг хэлэлцлээ.

   Зөвлөгөөнд Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, Соёлын яамны харьяа байгууллагууд, соёл урлагийн төрөл чиглэлүүдэд байгуулагдсан салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн удирдлагууд, тэргүүлэгчид, гишүүд болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, хилийн чанад дахь соёлын салбарын залуучуудын төлөөллүүдийг оролцуулах зорилт тавин ажилласан бөгөөд урьдчилсан бүртгэлд танхимаар оролцохоор 81 хүн, цахимаар оролцохоор 929 хүн мэдээллээ ирүүлсэн. Улмаар зөвлөгөөнд танхимаар 86, цахимаар 428 оролцогчид оролцсон бөгөөд зөвлөгөөнийг сонирхсон бүхий л талуудад хүртээлтэй байлгах үүднээс дохионы хэлмэрчийн орчуулгатай зохион байгуулсан.

   Зөвлөгөөний нийт хамрах хүрээг өнөөдрийн байдлаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хөдөлмөр эрхэлж буй 33,931 хүний 71 хувь нь буюу 24,198 нь 15-39 насны залуучууд бөгөөд тэдгээрт соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжилд залуучуудын оролцоо чухал үүрэгтэй гэдгийг хүргэх юм.

   Зөвлөгөөнийг албан ёсоор нээж Соёлын дэд сайд М.Батбаяр үг хэлж мэндчилгээ дэвшүүлсэн бол, “IWFCI Mongolia”-ын Ерөнхийлөгч О.Байгаль "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын олон улсын хөгжлийн чиг хандлага", “СУИС”-ын дэд захирал Ж.Эрхэмтөгс “Соёлын бүтээлч үйлдвэрлэлд-Залуучуудын манлайлал”, “СУИС”-ын Соёлын сургуулийн Соёл, судлалын тэнхимийн эрхлэгч, Монголын Соёлын аялал жуулчлалын холбооны Тэргүүн Б.Мөнхбадрал “Бүтээлч аялал жуулчлал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. Түүнчлэн судлаач Д.Дайриймаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн үзэл санаа”-ны талаар танилцуулга хийсэн бол Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Э.Цэнд-Аюуш “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын залуучуудын оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хуралд оролцсон салбарын залуучууд Соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөгжлийн талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлэн хэлэлцүүлэг өрнүүлэв.

Зөвлөгөөний үр дүн:

  1. Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, Соёлын яамны харьяа байгууллагууд болон соёл, урлагийн төрөл чиглэлүүдэд байгуулагдсан залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хилийн чанад дахь соёлын салбарын залуучууд нэгэн зорилго дор нэгдэж, санал санаачилга, идэвхи оролцоо нь нэмэгдэж, хамтын ажиллагаа нь албан ёсоор эхэлсэн.
  2. Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Соёлын яамнаас баримталж буй бодлого болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар салбарын залуучууд дэлгэрэнгүй мэдээлийг авч соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарын залуучуудын үүрэг, оролцооны талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтонд хүрсэн.
  3. Олон улсын болон өөрийн орны соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлсэн сайн туршлагуудтай танилцаж цаашдын хөгжлийн талаар хоорондоо хэлэлцэж санал, зөвлөмжөө гаргасан.
  4. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарын залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, “Соёлын бүтээлч сар” аяны үйл ажиллагаануудад салбарын залуучуудын идэвхитэй оролцох боломжийг бүрдүүлсэн.
  5. Цар тахлын хүнд цаг үед соёлын салбарын залуучууд нэгдэж, олон нийт тэр дундаа залуучуудын сэтгэл зүйг дэмжсэн.

Зөвлөгөөний үеэр салбарын залуучуудаас гарсан зөвлөмж:

  1. Соёлын салбарын залуучуудын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болох,
  2. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын залуучуудын нэгдсэн HUB төв байгуулах,
  3. Соёлын салбарын залуучуудыг дотооддоо туршлага солилцуулах, мэргэшүүлэх сургалтуудыг жил бүр тогтмол зохион байгуулах,
  4. Соёлын салбарын залуучуудаас жил бүр сонгон шалгаруулалттайгаар  гадаад улс орнуудад мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтанд тогтмол хамруулах,
  5. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр эрхлэгч залуучууд, залуучуудын гаргасан бүтээгдэхүүн, нэвтрүүлсэн үйлчилгээний нэгдсэн цахим платформтой болох. Тус платформоороо дамжуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн залуусын бүтээлийг дотоод болон олон улсад сурталчлан таниулах, худалдаалах, эдийн засгийн эргэлтэнд оруулах,
  6.  Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, холбогдох байгууллагуудад албан ёсоор байгуулах үйл ажиллагааг Соёлын яам бодлогоор дэмжих, эрчимжүүлэх.  Байгуулагдсан зөвлөлүүдийн гишүүнчлэл, бүртгэлүүдээр дамжуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын 24,198 залуучуудыг бүртгэлжүүлэн хамтран ажиллаж, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх,
  7.  Соёлын Сайдын аймаг, нийслэлийн засаг дарга, харъяа байгууллагуудын дарга нартаа байгуулдаг гэрээнд жил бүр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөр эрхэлж буй залуучуудыг дэмжих чиглэл, төсвийг тусган оруулах,
  8. “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан” байгуулж тус сангаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хэрэгжүүлж буй салбарын залуучуудын төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаануудыг Соёлын яам бодлого, санхүүгээр дэмжиж хамтран ажиллаж салбарын хөгжүүлэлтэнд бодитой хувь нэмэр оруулах,
  9. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй ажилчдын ажлын байр, ажиллах нөхцлийг дахин үнэлүүлж хүнд, хортой ажлын байрны жагсаалтанд шинэчлэн оруулах. Ингэснээр хөдөлмөрийн тухай хууль, НД-ийн тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийн дагуух хөнгөлөлт, тэтгэлэг нэмэгдэл цалин урамшуулалд хамрагдах боломж үүснэ. Тухайлбал: Дүрслэх урлагийн салбарын залуучууд насан туршдаа химийн бодистой ажилладаг. Мөн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн ажиллах цаг тоглолттой үед өглөө 08:30 цагт эхэлж ажил 19:00 цагт үндсэн тоглолтондоо орж орой 22:00 цагт тарж уртасгасан цагаар тогтмол ажилладаг гэх мэт асуудлуудыг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулинд тусган оруулах,
  10. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хөдөлмөр эрхэлж буй залуучуудыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, хилийн чанад дахь байрлалаар нь бүсчлэн ангилж тухайн бүс нутгийн бүтээлч үйлдвэрлэлийн онцлогтой уялдуулсан хөгжлийн нэгдсэн бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж ажиллах.