БНСУ-д 2019 онд хөдөлмөрийн гэрээт ажилтнаар явахаар хүлээгдэж байсан иргэдийг илгээлээ

A- A A+
БНСУ-д 2019 онд хөдөлмөрийн гэрээт ажилтнаар явахаар хүлээгдэж байсан иргэдийг илгээлээ

​БНСУ-ын Засгийн газраас гадаадаас ажиллах хүч авах асуудлыг нээлттэй болгох, Монгол, Узбекстан, Мьенмар, Филлипин зэрэг улсаас ажиллах хүч авахаа албан ёсоор мэдэгдсэний дагуу илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар өөрийн орны ажил олгогчидтой уулзалт зохион байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нислэгээр хүлээн авахаар нэрсийг эцэслэн ирүүлсэн  39 иргэнийг зохих бэлтгэлийг хангуулж өчигдөр илгээлээ.

2019 оны сонгон шалгаруулалтад тэнцэж, БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан Монгол Улсын нэр бүхий иргэдээс нөхцөл байдлын судалгаа авах, эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хамруулах, виз мэдүүлэх, тийзний захиалга баталгаажуулах, явахаас 72 цагийн өмнө БНСУ-ын Элчин Сайдын Яамнаас заасан эмнэлэгт PCR шинжилгээ өгүүлэх, хилээр гарах зөвлөгөө мэдээллээр хангах, явахаас нэг хоногийн өмнө тусгаарлах, иргэдийн саналд үндэслэсэн хувийн мэдээллийг нөгөө талд цаг тухайд нь хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.

2019 оноос БНСУ-ын Гадаад ажил хайгчаар хөдөлмөрийн биржид нэр нь байршиж ажлын санал хүлээн авсан, явах тов хүлээгдэж буй 670 орчим иргэн байна. Эдгээр иргэдийг анх Хөдөлмөрийн биржид байршиж, ажлын санал хүлээн авсан дарааллаар нь хүлээн авах тухай БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол Улс дахь И Пи Эс төвөөс  бидэнд албан ёсоор мэдэгдсэн.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар