“Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртсэнээр Монгол Улс багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.
О.Цэцэнцэнгэл аваргын төлөө Гранд Слам ангилалын мөнгө, хүрэл медальт Румыний Владут Симионескуг 3:30 минутад мордох мэхээр цэвэр ялснаар Гранд Слам ангилалд анхны алтан медалиа гардлаа.
Ийнхүү тэрбээр дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж топ 20-д дэвшихээр болоод байна. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Бакугийн Гранд Сламын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медалийн төлөө энэ оны залуучуудын дэлхийн аварга Францын Корали Хеймид ялагдсанаар тавдугаар байр эзэллээ.
Монгол Улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг “Абу Даби-2021” Гранд Сламаас хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 41 орноос гуравдугаар байрт бичигдэж, Монгол Улсад жүдо бөхийн спорт хөгжсөний түүхт 50 жилийн ойдоо бахдам амжилт үзүүллээ.
Сонирхуулахад Цэцэнцэнгэл нь Монгол Улсын начин Б.Одхүүгийн хүү юм.