"Бөртэ чоно-2021" оны шилдэгт өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо

A- A A+

Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно-2021" шагнал гардуулах ёслол энэ сарын 13-нд болно. Энэхүү шагналын эзнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн санал асуулгаар тодруулдаг билээ. Уг шагналд нэр дэвшигчдийн нэрсийг уншигч танаа танилцуулъя.

“Шилдэг эмэгтэй тамирчин”-д нэр дэвшиж буй тамирчид:

Мөнхжанцангийн Анхцэцэг (хүндийг өргөлт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын IV байрын шагналт

Цолмонбаатарын Анударь (буудлага) - Индонез, Бангладешийн Олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны дасгалд IX байрт шалгарсан

Зоригтын Болортунгалаг (чөлөөт бөх) - Ази тивийн аварга, Иван Ярыгины Олон улсын тэмцээний аварга

Бат-Очирын Болортуяа (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт 

Батмөнхийн Болор-Эрдэнэ (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ авч өрсөлдсөн

Энхбатын Гантуяа (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины Олон улсын тэмцээний хүрэл медальт

Отрядын Гүндэгмаа (буудлага) – “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Долоон олимпын наадамд оролцсон Монголын анхны тамирчин

Эрхэмбаярын Даваачимэг (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины Олон улсын тэмцээний мөнгөн медальт

Мөнхболдын Дөлгөөн (чөлөөт бөх) - Ази тивийн аварга

Долгоржавын Отгонжаргал (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт

Бишиндээгийн Урантунгалаг (байт харваа) - Олимпын эрх олгох тэмцээнд V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор Улсын рекордыг шинэчлэн тогтоосон

Мөнхбатын Уранцэцэг (жүдо) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Тбилиси болон Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт

Баатаржавын Шоовдор (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины Олон улсын тэмцээний аварга 

Батбаярын Энххүслэн (усанд сэлэлт) - “Токио-2020” олимпын наадмын 50 метрийн чөлөөт сэлэлтэд Улсын рекордыг шинэчлэн тогтоосон.

"Шилдэг эрэгтэй тамирчин"-д нэр дэвшиж буй тамирчид:

Ёндонпэрэнлэйн Басхүү (жүдо) - “Токио-2020” олимпын наадмын VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентийн Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт

Данаагийн Батгэрэл (холимог тулаан) - 2021 онд UFC холимог тулаанд 2 тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан

Ганболдын Ганбаяр (хөлбөмбөг) - Унгарын хөлбөмбөгийн дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн

Энхтайваны Даваахүү (буудлага) - Индонез, Бангладешийн Олон улсын тэмцээний аварга, “Токио-2020” олимпын наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн

Доржсүрэнгийн Дашнамжил (байт харваа) - ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас 9-д эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан

Мөнхтөрийн Лхагвагэрэл (чөлөөт бөх) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт 

Энхбатын Лхагвасүрэн (ширээний теннис) - Олимпын наадамд ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн

Төмөр-Очирын Тулга (чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, Ромын Олон улсын тэмцээний мөнгөн медальт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч

Саейд Моллаей (жүдо) - “Токио-2020” олимпын мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн

Баатарсүхийн Чинзориг (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, “Токио-2020” олимпын наадмын оролцогч

Цэнд-Очирын Цогтбаатар (жүдо) - “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт

Эрдэнэбатын Цэндбаатар (бокс) - “Токио-2020” олимпын V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга

Сайнбаярын Жамбалжамц (дугуй) - Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа. Тour of Thailand тэмцээний аварга

Хархүүгийн Энх-Амар (бокс) - Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний мөнгөн медальт тамирчин.