НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй улс орны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн тайлангийн хурал болов

A- A A+
НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй улс орны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн тайлангийн хурал болов

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус сангаас 2017-2022 онд хэрэгжүүлж байгаа Улс орны хөтөлбөр (Country Programme)-ийн 2021 оны хэрэгжилтийн тайлангийн хурлыг энэ 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав. Тайлангийн хуралд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 80 гаруй төлөөлөгчид оролцов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эварист Коуасси-Комлан нар хурлыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын Засгийн Газартай хамтран хэрэгжүүлж буй энэхүү Улс орны хөтөлбөр нь хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдэд ээлтэй орон нутгийг бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн ядуурлыг бууруулах чиглэлээр судалгаа, үнэлгээ хийж, дэлхийн бусад орны сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын хууль, эрх зүйн орчныг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулж, үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.

Ялангуяа дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед нийгмийн хамгаалал, тэр дундаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг хүүхэд хамгааллын хөтөлбөр нь ядуурлын түвшнийг бууруулахад чухал ач холбогдолтой болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар сайшаан тэмдэглэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эварист Коуасси-Комлан КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар үр дүнтэй ажиллаж байгааг тэмдэглээд, хүүхдийн боловсрол, хөгжлийн тасралтгүй байдлыг хангах чиглэлээр үзүүлсэн дэмжлэг туслалцаа, тухайлбал, цахим хичээлийн чанар хүртээмжийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах зорилгоор идэвхтэй хамтран ажиллаж байгааг цохон тэмдэглэлээ.

Тайлангийн хурлаар хүүхдийн эсэн мэнд амьдрахуй ба хөгжил, тэгш хамран сургалттай, эрүүл чанартай сургалтын орчныг бий болгох, тэгш хүртээмжтэй нийгмийн бодлого, хамгааллын тогтолцоог хөгжүүлэх гэсэн 3 зорилтын хэрэгжилтийн талаар холбогдох яамдын төлөөлөл мэдээлэл хийж, санал дүгнэлтээ танилцуулав.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам