УИХ-ын дарга эрүүл мэндийн салбарынханд 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

A- A A+
УИХ-ын дарга эрүүл мэндийн салбарынханд 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.12.24/ нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ өдөр Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухааны салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд үг хэлж, хүн ардынхаа эрүүлийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт хамт олонд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, өнгөрч буй нэгэн зуун бол Монголчуудын СЭРГЭН МАНДЛЫН, Монгол Улсын ТУСГААР ТОГТНОЛЫН, Монгол үндэстний ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН зуун байсан билээ. Энэ зууны манлай баатруудын төлөөлөл нь манай цагаан нөмрөгт баатрууд байсан гэдгийг энэ өдөр бахархаж хэлэхэд таатай байна. 

Зуун жилийн өмнө Монгол Улсын хүн амын цэвэр өсөлт үндсэндээ зогсож, төрөлтөөс нас баралт нь хэтрэхэд хүрсэн, Монгол орон мөхөх үү, сэхэх үү гэдгийн уулзвар дээр ирээд байсан юм. Шинжлэх ухаанд суурилсан эмнэлгийн тогтолцоо бүрдүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудаа сурган бэлтгэх, улмаар хүн амаа эрүүлжүүлэх төрийн бодлого энэ зуунд амжилттай хэрэгжсэн билээ.

Ард түмэндээ анагаах ухааны үр шимийг хүртээх, эмчлэн асрах, энэрэн ачлах энэ энэрэнгүй гэгээн үйлсийг гардан хэрэгжүүлэгчид нь манай эмч, эмнэлгийн ажилтнууд байсан. Үүний үр дүнд монголчууд бүх нийтээрээ эрүүлжиж, өсөн өнөржиж, 1921 он гэхэд 500 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амтай байсан Монгол орон өдгөө 3.5 саяулаа болоод байна.

Эрүүл, идэр чийрэг, шинэ Монголыг бүтээсэн хорьдугаар зууны энэ гайхамшигт түүхийн баатрууд нь гарцаагүй эмч, эмнэлгийн ажилтнууд мөн гэдгийг дахин хэлэхийг хүсэж байна. Өдгөө манай эрүүл мэндийн салбарт 4600 шахам эмнэлгийн байгууллага ажиллаж, 12.400 гаруй их эмч, 13.100 сувилагч, 23.000 гаруй мэргэжилтэн, ажилчид, нийтдээ 49.000 шахам хүн эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсож байна.

Орчин үеийн анагаах ухааны бүхэл бүтэн тогтолцоо бүрдэж, дэлхийн эрүүл мэндийн хөгжлийн чиг хандлага, орчин үеийн техник технологийн ололтыг эзэмшиж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, үр дүн нь сайжирч байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Хүн төрөлхтнийг, түүний дотор Монгол орныг хамарсан КОВИД-19  цар тахлын хүнд сорилтыг Та бүхний цаг наргүй, сэтгэл зүтгэл хослуулсан нөр их хөдөлмөрийн ачаар монгол түмэн даван туулж байна. Ард түмнээ сэргийлэн хамгаалах, эмчлэн эдгэрүүлэх энэ хүнд хэцүү зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа Та бүхэндээ Монголынхоо нийт ард түмний нэрийн өмнөөс болон Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье.

Та бүхний эрдэм ухаан, ур чадвар, итгэл сэтгэлээ шавхан дайчилсан зүтгэл хөдөлмөрөөр Монголын ард түмэн бахархаж байна.

Улсын Их Хурал эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэх, эрүүл мэндийн салбарын ажиллагчдын нийгмийн баталгааг хангах, оношилгоо, шинжилгээ, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд цаашид ч онцгой анхаарах болно.

Одоо дэлхийн 90-ээд оронд тархаад байгаа Омикрон хувилбарын давалгаанаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх бэлтгэлээ сайтар хангах асуудал чухал байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүндрэл, нас баралтыг бууруулах гол арга бол вакцинжуулалт гарцаагүй мөн юм. Тиймээс нэмэлт вакцинжуулалтад хамрагдах, маскаа зүүх, зай барих дэглэмийг алгасалгүй мөрдөхийг эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нэрийн өмнөөс нийт иргэддээ Улсын Их Хурлын хүндэт индрээс уриалж байна.

Эрүүл мэндийн тухай хуульд “Эрүүл мэнд гэдэг бол хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ” гэж хуульчилсан. Энэ эрхэм зорилтыг хэрэгжүүлэх үйлстээ их амжилт олохыг, аз жаргал, баяр баясгалан дүүрэн байхыг эмч, эмнэлгийн ажилтнууддаа хүсэн ерөөе гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн салбарын төлөөлөл оролцсон юм. 

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс