БНХАУ-ын Бээжин хотноо 24 дэх удаагийн өвлийн олимпын наадам амжилттай явагдаж өндөрлөлөө. Наадмын сүүлийн өдөр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
-Юуны түрүүнд, “Бээжин-2022” олимпын наадам хаалтаа хийж буй энэ цаг мөчид ярилцаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлье.
-“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын мэдээллийг тогтмол хүргэж, өвлийн спортыг, олимпын хөдөлгөөнийг сурталчилж байгаа Та бүхэндээ Олон Улсын Олимпын Хороо болон Монголын Үндэсний Олимпын Хорооны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
-Монгол Улсыг төлөөлөн энэ наадамд гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин оролцлоо. Таны сэтгэгдэл хэр байна вэ?
-Маш өндөр сэтгэгдэлтэй байна. Орчин цагийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертен хамгийн анх оролцоог эхэнд тавьж, спорт-олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлж байсан гэдэг. Дэлхий даяар байгаа 200 гаруй улс орнуудаас 91 нь өвлийн олимпод оролцож байхад Монгол Улс тэдгээр улсуудын нэг болж, тамирчнаа илгээж байгаа нь нэг талаараа амжилт юм. Бусад орны төлөөлөгчидтэй уулзаж байхад зарим нь Монгол Улс гурван сая хүн амтай атлаа зуны олимпод 40 гаруй тамирчин оролцуулан тогтмол медаль авдаг, өвлийн олимпод мөн тогтмол оролцож байгааг гайхдаг шүү. Б.Ачбадрах маань 99 тамирчнаас 65 дугаар байрт орж, өмнөх амжилтаа ахиулж чадлаа. А.Энхтуул маань Монгол Улсаас анх удаа спринт төрөлд олимпын эрхээ авч амжилттай оролцлоо. Энэ удаагийн өвлийн олимпод манай тамирчдын амжилт өмнөх жилүүдийнхээс эрс ахисан байна. Бэлтгэлжилтийг тасралтгүй өндөр түвшинд хийвэл амжилтын чанар нэмэгдэж, дараа дараагийн тамирчдад улам их боломж үүсэж байгаа нь харагдлаа.
-Дараагийн өвлийн наадмуудад манай улсын оролцоог нэмэгдүүлэх, эрх авч өрсөлдөх боломжтой спорт төрлүүдийг дэмжих тал дээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-МҮОХ-ны зүгээс шат дараатай олон ажлууд авч хэрэгжүүлж байна. Наадмын өмнөхөн явагдсан ОУОХ-ны чуулганы үеэр өвлийн спортын олон улсын холбоодын төлөөлөгчидтэй албан уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар яриа хэлэлцээр эхлүүллээ. Мөн 2024 онд БНСУ-ын Ганвон хотноо явагдах залуучуудын өвлийн олимпын наадмын өмнө монгол тамирчдыг оролцуулсан хамтарсан бэлтгэл хийх талаар тохиролцоонд хүрлээ. Энэ ажлын хүрээнд 2024 он хүртэл монгол тамирчид маань 2-3 сарын турш Ганвон хотноо хамтарсан бэлтгэлд хамрагдах боломжтой болж байна. Бүх зардлыг Солонгосын тал хариуцах юм. Бидний хувьд цана, тэшүүр, биатлон зэрэг ганцаарчилсан болон хосоор өрсөлдөх боломжтой төрлүүдээр өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэл хийх нөхцөл бололцоог нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.
-Та сая яриандаа дурдсанчлан ОУОХ-ны 139-р чуулган наадмын нээлттэй зэрэгцэн явагдлаа. Энэ чуулганы үеэр ямар асуудлыг түлхүү хэлэлцэв?
-Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж энэ удаагийн чуулганыг гурав салгаж зохион байгуулж байгаа юм. Эхнийх нь нээлтийн өмнө явагдсан бол хоёрдугаар хуралдаан хаалтын өмнөх өдөр явагдсан. Сүүлийнх нь бүр тавдугаар сард явагдахаар товлогдсон. Чуулганы гол анхаарал мэдээж “Бээжин-2022” наадмын зохион байгуулалт руу төвлөрч байлаа. Наадмын үеэрх үйл ажиллагааны зохион байгуулалт, төлөвлөлт, бэлтгэл ажлын талаар танилцуулга, мэдээллүүдтэй сайтар танилцсан. Тэрчлэн ОУОХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, шинэ гишүүдийн сонгууль явагдснаараа онцлогтой байлаа. Үүнээс гадна чуулганы хөтөлбөрт анхаарал татсан хэд хэдэн зүйл багтаад байгаа. Мөн 2028 оны Лос Анжелесийн олимпын наадмын урьдчилсан хөтөлбөрийг хэлэлцлээ. Түүнчлэн Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ДАШТ-ийг дөрвөн жил бус хоёр жил тутамд зохион байгуулдаг болох тухай саналыг ярилцана. Энэ саналыг олон спорт холбоод, улс орнууд дэмжихгүй байгаагаа илэрхийлсээр байгаа. Тэмцээнүүдийн хуваарь давхацна, хэвлэл мэдээллийн анхаарал сарнина гээд олон нарийн асуудал бий. ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахын хувьд Бээжинд FIFA-гийн ерөнхийлөгч Ж.Инфантино хүрэлцэн ирж амжаагүй учраас биечлэн уулзаж, гарц гаргалгаагаа олохыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн.
-Таны хувьд Монгол улсаас ОУОХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж буй хоёр дахь эрхэм болсон. Цаашид МҮОХ болон ОУОХ-ны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ямар ямар боломжууд байна гэж харж байна вэ?
-Бидний ярилцаад сууж байгаа газар бол “Casa da Italia” буюу дараагийн өвлийн наадмыг хүлээн авах Италийн ҮОХ-ноос байгуулсан өргөө юм. Олимпын наадмын үеэр улс орнууд өөрсдийн соёл, уламжлал, хөгжил дэвшлээ танилцуулах зорилгоор иймэрхүү танилцуулах талбарыг бий болгодог уламжлал бий. Миний хувьд энэ жишгийг Монголдоо авчирч, олимпын хөдөлгөөнөөр дамжуулж эх орноо дэлхий дахинд сурталчлах том боломж байна гэж харж байгаа. “Токио-2020” олимпын наадмын үеэр монгол гэрээ барьж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, бүр газраа хүртэл сонгочихсон байсан ч цар тахлын улмаас энэ ажил маань биелэх боломжгүй болсон нь харамсалтай. Гэхдээ тэглээ гээд зүгээр суулгүй, бид дижитал хэлбэрээр “Mongolia House”-ийг байгуулсан нь олон улсаас талархал хүлээсэн. Дараагийн наадмуудад илүү сайжруулан үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Энэ нь Дубайд зохион байгуулагдаж байгаа Дэлхийн экспо шиг улс орныхоо онцлог, олон боломжуудыг танилцуулах гарц гэж харж байна. Хөгжиж буй орнууд өөрийн орныг сурталчлах боломж тэр бүр гараад байдаггүй учраас энэ ажлаа цаашид тогтмолжуулан МҮОХ-ны нэг үндсэн ажил болгохоор зорьж байна. ОУОХ-ны чуулган дээр “Mongolia House”-ийг дижитал хэлбэрээр зохион байгуулснаа танилцуулахад “Парис 2024”, “Милан-Кортина 2026”-ийн зохион байгуулах хорооныхон бүрэн дэмжинэ хэмээн амлалтаа өгсөнд их олзуурхаж байгаа. Миний хувьд манай улсад өвлийн спортыг түгээн дэлгэрүүлэх, оролцоог нэмэгдүүлэх тал дээр боломж байна гэж үзэж байгаа. Манай улсын хувьд дэд бүтцийн асуудлаа шийдвэрлчихвэл өвлийн спорт хөгжүүлэх цаг уур, орчны таатай нөхцөлд оршдог гэж хэлж болно. Бобслей, кёрлинг зэрэг амжилт үзүүлэх боломжтой төрлүүд багагүй байгааг анзаарлаа. Иймэрхүү өвлийн спортууд дээр залуу үеэ түлхүү оролцуулах, анхаарлыг нь татахад хувь нэмрээ оруулах боломжийг нь үүсгэхийг зорьж байна.
-МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн хувьд төлөвлөж буй ажлууд олон байгаа байх. Цаашид хэрэгжүүлэхээр зэхэж байгаа ажлуудаасаа цухасхан дурдвал?
-Манай хувьд дотроо хэт их өрсөлдөөд гадагшаа чиглэсэн ажлууддаа бага анхаарч байсан үе бий. Одоо бол ОУОХ-ны удирдлагууд, гишүүдтэй шууд уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцах боломжтой болсон цаг. Бид Монголын спорт, олимпизмын хөдөлгөөнийг улс төрөөс ангид, чадалтай авьяастай залуучуудыг дэмжих, хүйсийн тэгш байдлыг хангах, олимпын спортын төрлүүд тэр дундаа өвлийн спортын төрлүүдийг онцгой анхааран хөгжүүлэх чиглэлээр санал солилцож, тодорхой төслүүд дээр хамтран ажиллахаар ярилцсан. МҮОХ-оос ОУОХ-ны спортын менежментийн хөтөлбөрт залуучуудаа илгээж, олон улсын спортын байгууллагад ажиллаж, ур чадвар-мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх боломжийг нь хангахад ихээхэн анхааран ажилладаг. Сүүлийн жилүүдэд ОУОХ-ны спортын менежментийн магистрын зэрэг олгох МЕМОС хөтөлбөр, Сочид байрлах Олимпын их сургуулийн хөтөлбөр, Сөүлийн их сургуульд явагддаг “Dream Together” зэрэг дэлхийн хэмжээний хөтөлбөрүүдэд хамрагдсан монгол залуучуудын тоо нэмэгдлээ. Бид энэ тоог улам нэмж, олон улсын нөу-хау, мэдлэг туршлагыг эх орондоо нэвтрүүлж, салбарынхаа хөгжлийг ахиулах учиртай. Шинэ үеийн спортын зүтгэлтнүүдийг идэвхжүүлэх, орон зай-нөхцөл боломжийг нь олгох нь чухал. ОУОХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа маань энэ ажлуудыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой гэж бодож байна. Мөн манай оронд спортын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж байна гэж миний хувьд хардаг. Азийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цомын гараа зэргийг зохион байгуулах боломж олон спортод бий. Ойрын хугацаанд бадминтоны спортын өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ Азийн бадминтоны холбоондоо албан ёсоор илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа нь зөвхөн нэг жишээ. Түүнчлэн, олон улсын спортын хурал, чуулганыг зохион байгуулах бүрэн боломж бидэнд бий. Бидний хувьд ОУОХ, Азийн Олимпын Зөвлөлийн чуулган хүлээн авах хүсэлтээ илэрхийлж, эхний шатны бичиг баримтаа бүрдүүлж, тодорхой түвшинд ахицтай явж буй ажлууд байна. ОУОХ-ны аль нэг хурлыг Монголдоо зохион байгуулах хүсэлт гаргасныг маань УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжин ОУОХ-д албан захидал хүргүүлж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахаас нааштай хариу авсан. Энэ чиглэлээр онцгой амжилт үзүүлсэн Катар, Кувейт гэх мэт орнуудын жишээнээс бид суралцах нь зүйтэй. ОУОХ-ны “2020+5” хөтөлбөртэй уялдуулан хийх ажлууд бий. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тамирчдын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг гүйцэтгэнэ. Энэ олимпын өмнө бид ОУОХ-ны тамирчдын комиссын тэргүүн, Финландын тамирчин Эмма Терхотой виртуал уулзалт зохион байгуулж, хамтарсан форум хийх талаар ярилцсан. Бид ОУОХ-той хамтран эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тамирчдын карьерын дараах төлөвлөлт рүү чиглэсэн төслүүд хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.
-МҮОХ-ны зүгээс дотоодын спорт холбоодтой хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа вэ. Зарим нэг мэргэжлийн спортын холбоод дотроо зөрчилдөөнтэйн улмаас олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болох хүртэл тохиолдол гарч байсан. Спорт холбоодыг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?
-Аль ч салбарт аливаа үйл ажиллагаа явуулахад үзэл бодлын зөрүү гардаг. Манай спортын салбарт үзэл бодлын зөрүүгээс үүссэн маргаан нь даамжирч, ажлын үр дүнд нөлөөлөх, нам улс төр, нутаг усаараа хуваагдах тохиолдол цөөнгүй гарсан. МҮОХ-ны зүгээс гишүүдтэйгээ хийх хамтын ажиллагаандаа болон спортын салбарыг хөгжүүлэх чиглэлд ямар нэгэн үзэл бодлын зөрүү харгалзалгүйгээр хамтран ажиллахыг зорьдог. Цаашдаа спортын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, бүтээлчээр ажиллаж буй хэнтэй ч хамтан ажилладаг, дэмждэг тогтолцоог улам боловсронгуй болгохын төлөө ажиллах болно. Ер нь тамирчид маань олон улсын дэвжээн дээр гараад тэрний хүн энэний хүн, энэ нам, тэр намын хүн гэж өрсөлддөггүй. Монгол Улсын тамирчин гэж нэрлэгдэн алтан соёмбот далбаагаа өргөн өрсөлддөг. Миний хувьд МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа энэ л зарчмыг баримтлан эв нэгдлийг ханган ажиллахыг зорьж ирсэн. Зарим тохиолдолд холбоодын олон улсын тэмцээн уралдааны бэлтгэл сургуулилалт, замын зардал зэрэгт томоохон ивээн тэтгэгч компаниудыг холбон хөрөнгө мөнгө босгох, зарим тохиолдолд хувиасаа болон гэр бүлийн хүнтэйгээ хамтран байгуулсан “Баттүшиг Цэлмүүн” сангаас шийдвэрлэж ирсэн. Анх МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод Индонези улсад Азийн наадамд оролцсон. Уг наадамд манай улсаас 300 гаруй баг тамирчид оролцосон бөгөөд томоохон компаниуд Токиогийн олимпын наадамд анхаарлаа хандуулсан үе таарсан. Тэр үед зарим зардлыг Имарт компанийн зүгээс шийдвэрлүүлэн МҮОХ-д дэмжлэг үзүүлж байлаа. “Скайтел” компани ч спортын олон төрөлд тэмцээн уралдаануудыг дэмжин ажилладаг. Энэ хоёр компани маань “Токио-2020” олимпын наадамд амжилт үзүүлсэн тамирчдаа урамшуулах ажлыг мөн зохион байгуулсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өвлийн олимпын наадмын өмнөхөн манай тамирчдын тусгаарлагдаж байсан байранд COVID-ийн эрсдэл бүхий нөхцөл байдал үүсч, Имарт компанитай холбогдон шинэ тусгаарлах байрны зардлыг нь шийдвэрлүүлэн тамирчдаа олимпод эрслдэлгүй оролцуулах бололцоог бүрдүүлсэн. Хөрөнгө мөнгө бол спортын хамгийн том асуудлын нэг. Аж ахуйн нэгж компаниудыг спортын арга хэмжээг дэмжүүлэх, спортын төрлүүдтэй хамтран ажиллуулах амаргүй ажил гэдгийг манай салбарынхан бүгд мэднэ. Тиймээс олимпын төрлийн спортуудыг нэг удаа дэмжээд өнгөрөх биш байнгын дэмжлэгтэй байлгах, үйл ажиллагаанаас өөрийгөө санхүүжүүлдэг тогтолцоог бий болгох чиглэлээр ажиллах нь зөв юм. Тухайн спортоороо олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах эрх авах, үзэгчдийн тасалбар, телевизийн эрх, ивээн тэтгэлэг гээд санхүүжилт босгох хэлбэрүүдийг илүү хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Энэ тал дээр цаашид илүү анхааран ажиллах болно. Ойрын хугацаанд МҮОХ дээр санхүүгийн бие даасан комисс гаргаж, олон улсын мэргэшсэн байгууллагуудаар аудит хийлгүүлэн нээлттэй, шилэн байгууллага болгохоор ажиллаж байна. Ер нь цаашдаа Монголын олимпын хөдөлгөөнийг багш дасгалжуулагч, тамирчид дээрээ суурилсан, хүйсийн тэгш байдлыг хангасан, тамирчдын мэргэжлийн карьерын дараах зөвлөгөө, сургалтын тогтолцоог бий болгох чиглэлээр ажиллах болно. Залуу хүний хувьд аль болох гэрэл гэгээтэй, ирээдүйг харсан ажлуудыг бодож, төлөвлөж, хийхийг зорьдог. Бусад залуучууддаа ч тэгж зөвлөдөг. МҮОХ-нд болон спортын салбарт маань олон сайхан залуучууд байдаг мөн туршлагатай мэргэжилтнүүд ч бий. Тэдэнтэйгээ нэгдмэл бодлоготойгоор хамтран ажиллаж, үлгэр жишээ олимпын хороо болгох зорилготой байгаа.
-Сүүлийн асуулт. ОУОХ-нд улс бүр төлөөлөлтэй байх боломжгүй байдаг. Монгол Улс гишүүнтэй болсноор бидэнд ямар давуу тал үүсэж байгаа бол?
-Миний хувьд үүрэгт ажилдаа ороод дөнгөж хоёр жил л болж байна. Анх удаа ОУОХ-ны гишүүний хувиар өвлийн олимпод оролцож байна. Энэ удаа олон спортын зүтгэлтнүүдтэй уулзаж, санал солилцох боломж гарлаа. Үүний үр дүнд төрөл бүрийн шинэ хамтын ажиллагаанууд үүсэх нөхцөл бүрдэж байна. Нөгөө талаас ОУОХ-ны томоохон шийдвэрүүдийг гаргахад Монгол Улсаас нэг саналын эрхтэй байна гэдэг манай спорт холбоодод ихээхэн давуу тал олгож байгаа гэж хэлж болно. Миний хувьд ч ОУОХ-ны гишүүний хувиар Монгол Улсдаа спортын бүхий л төрлүүдийг хөгжүүлэх, дасгалжуулагч, багш, баг тамирчдаа бэлтгэл сургуулилалт, сургалтуудад хамруулах, спортын дэд бүтцээ сайжруулах чиглэлээр олон талт хамтын ажиллагаа явуулах боломж илүү нээллтэй болсон. Олимп, дэлхийн хэмжээний том наадмын эрхийн төлөө өрсөлдөж буй бусад улс орнуудын хувьд манайхтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хамтарсан бэлтгэл сургуулилалт зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх зэргээр ойр ажиллах нөхцөлийг эрэлхийлэх нь эрс нэмэгдэж байгаа нь мэдрэгдэж байна гэдгийг МҮОХ-ны гишүүд маань онцолж байсан. Монгол Улс, МҮОХ-ноос ОУОХ-нд төлөөлөлтэй байгаа нь нэг хувь хүний гишүүнчлэлийн асуудлаас илүү Монголын спортын салбар дэлхийн олон улс оронтой хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлж, баг, тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг тэдэнтэй хамтран хийх улмаар олимпын тэнгэрт Монгол Улсын маань алтан соёмбот далбаа олон олон удаа өргөгдөж төрийн маань сүлд эгшиглэх боломж нэмэгдэхэд хувь нэмэрээ оруулах өндөр хариуцлага гэж хүлээн авч ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Р.Хишигжаргал