ТБХ: Хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

A- A A+
ТБХ: Хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.03.22/ хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж,  гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувь нь дэмжлээ. 

  Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн. 

  Төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажилллагааны хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Төслийг хэрэгжүүлснээр харьцангуй бага ашиглагдсан бэлчээрийг хамгаалах, даац хэтэрсэн хэсгийг зохицуулалт хийх замаар удирдах, малын эрүүл мэндийн үйлчилгээ, сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулах, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, ган, зуд гэх мэт байгалийн гамшигт өртөмтгий байдлыг бууруулах зэрэг  ач холбогдолтой гэв.  

  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Д.Өнөрболор нар асуулт асууж,  Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж санал хэллээ.

 

   Гишүүдийн зүгээс малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үрийн нөөц болон малчдын мэдлэгийг дээшлүүлэх, мал эмнэлгийг чадавхжуулах талаар төсөлд тусгагдсан эсэхийг лавлав. Мөн өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн өндөр өртөг, санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийн үр дүнд хяналт тавьсан эсэх, төсөл хэрэгжүүлэх аймгуудыг ямар шалгуураар сонгосныг илүүтэй тодруулж байлаа. 

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа, Энэ төсөл нь Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор  гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 сумдад хэрэгжинэ. Төслийн үндсэн агуулга нь хоршооллыг дэмжихэд чиглэсэн гэдгийг тодотгохын зэрэгцээ 466 малчдын бүлэгт 14,000 хадлангийн талбай, өвсний агуулах барих замаар малын тэжээлийг сайжруулах, 20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулахаар тусгагдсан. Малыг эрүүлжүүлэх ажлын хүрээнд нийтдээ 54 мал эмнэлгийн чадавхыг сайжруулахаар төсөлд тусгагдсан гэж байлаа. Мөн тэрбээр, 2018 оноос хойш судалгаа хийж хамгийн их малын өсөлттэй аймгууд тэдгээрийн бэлчээрийн даацыг судлан сонгосон гэж байлаа. 

    Ажлын хэсгийн зүгээс 2022 онд 120 зээлийн төсөл, 31 тусламжийн төсөл хэрэгжинэ. Үүнээс Азийн хөгжлийн банкнаас 45 төсөл хэрэгжиж байна. Зээл, тусламжийн төслүүдэд Үндэсний аудитын газраас жил бүр аудит хийдэг бөгөөд цаашлаад санхүүжүүлэгчдийн зүгээс улирал тутам хяналт тавьж, хэрэгжүүлэгч  байгууллагуудтайгаа  авах арга хэмжээгээ тохиролцдог гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.  

   Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо. 

 

    Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 01 дүгээр 13-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ.  

    Төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын төсөл хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, шинэ технологи, стандарт, менежментийн арга барилыг нэвтрүүлэх зорилго бүхий “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр’’-ийг 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг салбарын сайд танилцуулгадаа тодотгоод хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн томоохон төслийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ, техник эдийн засгийн  үндэслэл, нарийвчилсан судалгаа хийх, зураг төсөл боловсруулах, дэд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж байлаа. 

 

    Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, гадаадын зээл, тусламж нь үнэгүй мөнгө биш учир цаашид үр ашгийн асуудалд онцгой анхаарах шаардлагатайг тодотгосон бол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, хөтөлбөрийн хэлэлцээрийн нэгдүгээр хэсэг буюу хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн ашиглалт, хөдөөгийн хөгжил, төрийн салбарын удирдлагад 3.4 сая ам.долларыг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэхүү салбарын төслийн санхүүжилтийг нэмэгдүүлж, улмаар тэрхүү хөрөнгийг чанартай вакцинд зарцуулж, малаа эрүүлжүүлэх шаардлагатай гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн төслийн зөвшилцөх асуудлыг дэмжсэний дараа асуудлыг нарийвчлан хэлэлцье гэсэн саналтай байлаа. 

    Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг  зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.