Ардчиллын баярт зориулсан барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, О.Хангай үзүүрлэлээ

A- A A+
Ардчиллын баярт зориулсан барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, О.Хангай үзүүрлэлээ

 

Ардчиллын баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр болж, даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Одбаяр тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглолоо.

Барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, "Монтед" констракшн, Империал Кастли ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Аврагч спорт хороо, Од групп, "ЭМ ЖИ ӨҮ транс" ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага О.Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хүч спорт хороо, "Мөнхийн үсэг" групп, Их Богд дэвжээний бөх, улсын харцага Н.Золбоо, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хороо, "Пирамид орд" ХХК, Хур харцага дэвжээний бөх, улсын начин Э.Даш нар шалгарлаа.

Уг барилдааны түрүү бөх найман сая, үзүүр бөх зургаан сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөг гардан авч байгаа юм байна.

Дунд шөвгийн наймд даян аварга Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Одбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв.