“Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан”-ы шилдгүүд тодорлоо

A- A A+
“Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан”-ы шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Ардын багш, Гавьяат жүжигчин, профессор Гарамын Долгосүрэнгийн нэрэмжит "Гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан”-ыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Консерватори, Монголын урлагийн ажилтны холбооноос төв, орон нутгийн театр, чуулгын бүжигчдийн дунд зохион байгууллаа.

Г.Долгосүрэнгийн дэглэсэн дахин давтагдашгүй бүжгийн дэгийг сэргээн хадгалж, өвлүүлэн үлдээх, гоцлол бүжигчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагууд, орон нутгийн театр, чуулгуудын урын санг шинэ гоцлол бүтээлээр баяжуулах, монгол бүжигчдийн ур чадварыг дэлхийд сурталчлан таниулах, орчин цагийн бүжгийн урлагийн шинэчлэл, дэвшлийг тодруулан гаргах зорилготой энэхүү уралдаанд төв, орон нутгийн театр чуулгын 100 гаруй гоцлол бүжигчид оролцож 2 дугаар шатанд 60 бүжигчин сүүлийн шатанд 32 бүжигчин шалгаран авьяас ур чадвараа сорьсон юм.

Уралдааны гранпри шагналыг ЦДБЭЧ-ын бүжигчин Х.Юүлэхорол, I байрт ҮУИТ-ын бүжигчин Г.Энхтэмүүжин, Улаанбаатар театрын бүжигчин Б.Норовбанзад, II байрт “Dance lab” бүжигчин Ё.Дамчаабадгар, ҮУИТ-ын бүжигчин Э.Номин, III байрыг ҮУИТ-ын бүжигчин Б.Эрдэнэбаяр, М.Мишээл, Тусгай байрт ҮУИТ-ын бүжигчин А.Түвшинбаяр, ЦДБЭЧ-ын бүжигчин А.Энхжаргал нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн тус уралдаанаар бүжгийн урлагийн дэг, найруулга, хөгжим, хувцасны шинэчлэл, залуу уран бүтээлчдийн ур чадварыг бүхий л талаас нь харах боломж бүрдсэн байсныг зохион байгуулагчид онцоллоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.