Допинг илэрсэн хоёр бөх гэм буруугаа хүлээн уучлал хүсжээ

A- A A+
Допинг илэрсэн хоёр бөх гэм буруугаа хүлээн уучлал хүсжээ

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас (МҮДЭБ) энэ оны гуравдугаар сарын 17, 19-ний өдрийн барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авчээ.

Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллагын  итгэмжилсэн БНСУ-ын лабораториос дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МҮДЭБ-д ирсэн байна.

МҮДЭБ мөн өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбоонд  дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй, 2 шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн гэж МҮБХ-оос мэдээллээ.

ОУДЭБ-аас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тэдгээр бөхчүүд орон нутагт явсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариугаа хүлээн авсан байна.

Хоёр бөх хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдан, гэм буруугаа хүлээн уучлал хүсэж, ямарваа нэгэн шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг Тэргүүлэгчдэд 2022 оны тавдугаар сарын 02-ны өдрийн ээлжит хурлаар танилцуулжээ.

Гуравдугаар сарын 19-д Өвөрхангай аймгийн Сант сумын “Илдэнбэйлийн хүчтэн” бөхийн холбооны нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болсон.

Эх сурвалж: МҮБХ