Путин Ялалтын баярын өдөр Украинд дайн зарлах магадлалтай гэжээ

A- A A+
Путин Ялалтын баярын өдөр Украинд дайн зарлах магадлалтай гэжээ

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын зэвсэгт хүчин Украины газар нутагт халдан довтолсныг Москва дайн биш, “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж байгаа.

Харин тавдугаар сарын 9-нд тохиох Ялалтын баярын өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Украинд жинхэнээсээ дайн зарлах магадлалтайг Өрнөдийн судлаачид анхааруулж байна.

Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг ОХУ-д дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсны ойн өдөр болгон тэмдэглэдэг.

Үзэл суртлын өндөр ач холбогдолтой энэ өдрийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин заавал нэг зүйлд ашиглана гэж судлаачид үзэж байна.

Боломжит хувилбаруудын дотроос хамгийн ноцтой шийдвэр нь албан ёсоор дайн зарлах юм.

Украинд анх цэрэглэн халдахдаа ч Путин хоёрдугаар сарын 23-ны эх орноо хамгаалагчдын өдрийг тааруулж байжээ.

“Дайн зарлах нь хамгийн хатуу хувилбар байх болно. Гэхдээ энэ бол маш эрсдэлтэй шийдвэр” гэж Crisis Group-ийн Оросын шинжээч Олег Игнатов ярьж байна.

Түүний үзэж байгаагаар дайн зарласнаар Москвагийн эрх баригчид цэрэг татлага эхлүүлэх, эдийн засгийн боломж нөөцөө цэрэг дайны үйл ажиллагаанд дайчлах, улс орондоо цэргийн дүр дэглэм тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг авах боломжтой болох гэнэ.

Гэхдээ олон улсын хоригт ороод байгаа Оросын эдийн засаг үүнийг тэсэх эсэх нь маш их эргэлзээтэй. Бас хэдийгээр Украины дайныг өнөөдөр дэмжиж байгаа ч өөрсдийг нь цэрэгт дайчлахад дургүйцэх хүмүүс Оросын иргэдийн дотор олон байгаа гэж Игнатов үзэж байна.

Дайн зарлахаас бусад хувилбаруудад Украинаас салан тусгаарласан Донецк, Луганск мужуудыг өөртөө нэгтгэх, Хар тэнгисийн чухал боомт Одесса хот руу довтолгоогоо эхлүүлэх, Мариуполийг бүрэн хяналтдаа оруулснаа зарлах зэрэг арга хэмжээнүүд байх боломжтой гэнэ.

Бас Украины өмнөд бүсийн Херсон мужид тоглоомын бүгд найрамдах улс байгуулах, өөртөө нэгтгэх шийдвэр гаргах магадлалтай юм.

“Оросын зэвсэгт хүчин Украинд ямар нэг ялалт байгуулсныг Путин зарлах байх. Тэр энэ өдрийг өөрийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд ашиглах гэж оролдох нь тодорхой” гэж Игнатов дүгнэжээ.

Гэхдээ Оросын эрх баригчдын шийдвэрийг урьдчилан таах маш хэцүүг тэр хэлж байна. “Бүх шийдвэр ганцхан хүн, түүний цөөн тооны зөвлөхүүдийн хүрээнд гардаг тул таахад тун бэрх” гэж тэр ярьсан юм.

Даваа гарагт АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс хэлэхдээ “Оросын эрх баригчид тавдугаар сарын 9-нийг суртал нэвтрүүлгийн зорилгоор ашиглахад бүхнээ зориулна гэж харж байна. Украины дайнд гаргасан тактикийн болон стратегийн алдаануудаа цайруулахад бүх боломжоо ашиглах нь бараг тодорхой юм” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN