Т.Доржханд: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн 100 мянган иргэний гарын үсгийг УИХ-ын даргад өглөө

A- A A+
Т.Доржханд: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн 100 мянган иргэний гарын үсгийг УИХ-ын даргад өглөө

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өгсөн талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт бид талбай дээр гарч, иргэдтэйгээ хамтарч "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" уриатай тогтолцоог өөрчлөх шаардлагыг тавьсан. УИХ-ын зүгээс бидний шаардлагыг хүлээн авч таван хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд бид 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн иргэдтэй уулзаж, яагаад сонгуулийн системийг өөрчилж холимог системтэй болгох ёстой юм бэ гэдгийг ярилцлаа. Бид зарим орон нутгаар явлаа. Үр дүнд нь иргэд маш их дэмжиж байна. 

Өнөөдрийн байдлаар долоо хоногийн хугацаанд 100 мянга гаруй гарын үсэг цуглаад байна. Монгол Улсад болон гадаадад оршин  суугаа монголчуудын зүгээс биеэр болон цахимаар гарын үсгээ илгээж байна. Одоогийн байдлаар цахимаар 3000 гаруй гарын үсэг цуглаад байна. Биечлэн 100 мянга гаруй гарын үсэг цуглалаа. Нийт 10 гаруй хавтастай гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. 

Гарын үсгээ зурсан иргэд Үндсэн хуулийн тогтолцоог яаралтай өөрчлөхийг дэмжиж байна. Зарим иргэд яагаад тогтолцоог өөрчлөх шаардлагатайг ойлгохгүй, мэдээлэлгүй байна. Мэдээлэл өгөхөөр бүгд дэмжиж байна. Тухайлбал, сонгуулийн тогтолцоо яагаад үр дүн муутай байна вэ, гишүүдийн тоог яагаад өсгөх хэрэгтэй вэ, сумдын тоог яагаад хязгаарлах тухай, яагаад шинэ хотуудын асуудал яриад байгаа вэ гэдгийг иргэдийнхээ дунд эдийн засгийн тооцоо судалгаатайгаар энгийн үгээр ярихад ойлгож дэмжиж байна. 

Та нар хангалттай сайхан амьдарч байна уу гэхэд бүгд гараа өргөхгүй байна. Харин асуудалтай байна гэхэд бүгд гараа өргөж байна.

Тогтолцооны өөрчлөлтөөр Засгийн газрыг цомхон болгоё, гаднын хөрөнгө оруулалтыг татъя, эдийн засагт хэрэгтэй бүтээн байгуулалт хийдэг болъё, УИХ нь бодлого ярьдаг байя гэхэд иргэд дэмжиж байна. Бид 100 мянган гарын үсгийг 7 хоногт цуглуулж байна. 10 хүний 10 нь дэмжиж байна. Өөрчлөхгүй бол болохгүй юм байна гэдэгт бүгд санал нийлж байна.

20-30 жилийн хугацаанд хөгжсөн улс үндэстнүүдийн сайн жишээ байна. Өмнөх 30 жил бид алдлаа. Дараагийн 30 жил алдаагаа давтах эрх байхгүй.

УИХ-ын даргын зүгээс маш хүндэтгэлтэйгээр, маш гайхаж хүлээн авсан. Бид УИХ-ын даргатай хууль журмын дагуу улс орныхоо чухал асуудлууд болон сонгуулийн тогтолцоог шийдээд явъя гэдэг дээр санал нэгдсэн. 

Мөн бид тав хоногийн өмнө УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг маргаашийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжуулж албан ёсоор өгнө гэсэн" гэлээ.