Олон улсын боксын холбоо буюу "IBA"-ын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Истанбул хотноо болж байгаа бөгөөд найм дахь өдрийн тулаанууд өнгөрсөн шөнө боллоо.
Өчигдөр манай хоёр боксчин рингэнд гарснаас -54 кг жинд О.Есүгэн хүрэл медалийн төлөө Тайландын Придакамон Тинтабтайтай тулалдан 3-2 харьцаагаар ялагдаж тавдугаар байр эзэллээ.
Түүний өмнөхөн -57 кг жингийн шөвгийн наймд хүрэл медалийн төлөө тулалдсан М.Намуун Энэтхэгийн Манишад 4-1 харьцаагаар ялагдаж мөн тавдугаар байр эзлээд байв.
Ингэснээр Туркийг зорьсон Монголын эмэгтэй шигшээ багийн 9 тамирчнаас хоёр нь тавдугаар байр эзэлж тэмцээнээ дуусгалаа.
Бусад тамирчид:
-48 кг жинд Ж.Нямсүрэн шигшээ 16-д Венесуэлийн Кадено Рохастай тулалдан 5-0 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгав.
-50 кг жинд Б.Мөнгөнсаран эхний тулаандаа Туркийн Чакиркоглу Бусе Назд ялагдаж тэмцээнээ дуусгасан.
-52 кг жинд Л.Алтанцэцэг шигшээ 16-д шалгарсан Энэтхэгийн Зарин Нихаттай тулалдан 5-0 харьцаагаар ялагдаж тэмцээнээ өндөрлөв.
-60 кг жинд Г.Бадмаараг эхний шатанд Бразилын Беатриз Ласмин Феррейрад ялагдаж тэмцээнээ дуусгасан.
-63 кг жинд У.Шинэцэцэг эхний шатанд Туркийн Жизем Озерт ялагдан тэмцээнээ дуусгав.
-70 кг жинд Э.Эрдэнэтуяа шигшээ 16-д Польшийн Дариа Парадад ялагдаж тэмцээнээ өндөрлөв.
-75 кг жинд Н.Ану шигшээ 16-д Украины Каролина Махнод ялагдаж тэмцээнээ дуусгав.