Азийн хөл бөмбөгийн холбооны “Футзалын Азийн Цом”-ын тэмцээн 2022 оны есдүгээр сард Кувейт улсад болно. Тус тэмцээнд оролцох эрхийн төлөө Зүүн Азийн таван улс тэр дунд Монголын шигшээ баг өрсөлдөж байна.
Малайз улсад болж буй урьдчилсан шатны тэмцээний эхний өдөр Монголын шигшээ баг Хонконгийн багтай тоглож 1-1 харьцаагаар тэнцлээ.
Шигшээ баг эхний үеийг А.Тэмүүлэний гоолоор тэргүүлж дуусгасан ч хоёрдугаар үед торгуулийн цохилтоос гоолд алдаж оноо хуваалаа.
Монголын шигшээ баг тоглолтын эхнээс эсрэг багаа тайван бөмбөг эзэмшүүлэлгүй бүст нь шахаж санаачилгыг гартаа авсан бөгөөд олон удаагийн довтолгоо цохилтуудыг гүйцэтгэж байсан ч оруулсан гоол нь нэг байв. Харин Хонконгийн баг довтолгоонд цөөхүүлээ оролцож, цөөн довтолсон ч довтолгоо бүр нь чанартай, үр дүнтэй дуусаж байв. Түүнийхээ ч хүчинд торгуулийн цохилтоор тооны харьцааг тэнцүүлсэн.
Хонконгийн баг тогтмол сэлгээ оруулж, тоглогчдоо маш хурдан сольж байсан нь хамгаалалтын эрч хүчийг сулруулахгүй байх шалтгаан болов. Хажуугийн болон булангийн цохилтын олон хувилбар, тактикууд нь Монголын багийг тэвдүүлж байсан ч хаалгач хамгаалагчид байрандаа байлаа.
Шигшээ баг маргааш буюу
Тавдугаар сарын 18-ны 20:30 цагаас Өмнөд Солонгосын шигшээ багтай
Тавдугаар сарын 19-ний 17:00 цагаас Японы шигшээ багтай
Тавдугаар сарын 20-ны 17:00 цагаас Тайванийн шигшээ багтай тус тус тоглоно.
Өмнөд Солонгос өнөөдөр Тайванийн шигшээ багийг 4-2 харьцаагаар хожсон.
Тэмцээнээс хамгийн өндөр оноо авсан гурван баг Азийн цомын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно.
Футзалын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Багийн ахлагч П.Алтантулга /Унаганууд/
М.Чанцал /Унаганууд/
Б.Нармандах /Унаганууд/
Б.Эрдэнэ-Ундрах /Монголын Тэмүүлэл/
Э.Бат-Оргил /Унаганууд/
Б.Амгаланбат /Хараацай/
Э.Ууганбаяр /Унаганууд/
Я.Алтансүх /Унаганууд/
Т.Анхбаяр /Солонго 5/
Э.Ганзориг /Унаганууд/
О.Есүхэй /Арвис/
Э.Пүрэвдорж /Унаганууд/
Б.Энхбилэг /Унаганууд/
А.Тэмүүлэн /Арвис/
Шигшээ багийн арын алба
Ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир
Туслах дасгалжуулагч Н.Баттулга
Хаалгачийн дасгалжуулагч Ю.Сайнхүү
Багийн дарга Б.Батсайхан
Багийн эмч П.Цэвээнсүрэн
Багийн менежер Б.Бадруул
Хэвлэл мэдээлэл Б.Эрдэнэгомбо