Эмээлтийн махыг молекул биологийн аргаар шинжлэхэд зооноз өвчний нян илэрчээ

A- A A+
Эмээлтийн махыг молекул биологийн аргаар шинжлэхэд зооноз өвчний нян илэрчээ

“Старт ап Праймер” лаборатори Эмээлтээс ирүүлсэн махны дээжид молекул биологийн аргаар буюу PCR-ын шинжилгээ хийж, хариуг танилцуулав. Хариунд “MNS 6931:2021 стандартын дагуу мултиплекс PCR-ын цомог ашиглан зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч найман төрлийн бактерийн тандан шинжилгээ хийжээ. Ингэхэд  

Дээж №1-д Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд,

Дээж №2-т Salmonella spp, Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд илэрсэн болно.

Salmonella spp бол зооноз өвчин үүсгэгч нян. Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд нь тохиромжтой нөхцөл бүрдсэн үед буюу махны эрүүл ахуй, хадгалалтын горим алдагдсан үед үржин олшрох чадвартай ашигч бактериуд бөгөөд малаас бус орчны бохирдолтоос үүдэлтэй. Өсөж үрждэг хүйтэнсэг эмгэг төрүүлэгчид юм. Бүх дээжүүдэд антибиотикийн үлдэгдэл илрээгүй болно.

Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт арга зүй байхгүй учраас тус компанийн Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори бусад (сав баглаа боодол, хуванцар сав) төрлийн дээжид формальдегид илрүүлэх аргыг туршин хийсэн шинжилгээнд формальдегид илрээгүй. Энэ нь стандарт бус арга учраас маргаан таслах хэмжээнд дүгнэлт гаргах боломжгүй юм” гэжээ.

Тус лаборатори Стандарт хэмжил зүйн газраас итгэмжлэл аваагүй, авахаар материалаа бүрдүүлж байгаа аж.     

MNS:6931: 2021 нь Хүнс, малын тэжээлд зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч нян илрүүлэх полимеразагийн гинжин урвал (ПГУ)-ын аргын стандарт юм.

Энэ арга нь хүнс, малын тэжээлээс зооноз өвчин, хүнсний халдвар, хордлого үүсгэгч Salmonella spp., Campylobacter jejuni, E. coli, S. aureus, B. cereus, Shigella spp., Aeromonas hydrophila, Pseudomonas spp зэрэг найман төрлийн бактерийг “Хүнс, малын тэжээлд зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч нян илрүүлэх ПГУ-ын цомог”-ийг ашиглан тодорхойлоход хамаарна.

ДНХ/РНХ олшруулагч төхөөрөмж бүхий микробиологи, молекул биологийн сорилт, шинжилгээний лабораторид хэрэглэнэ. Энэ стандартыг 2021-08-25-нд баталж, 30-ны өдрөөс мөрдөж эхэлжээ.     

“Старт ап Праймер” лаборатори eлсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт арга зүй байхгүй гэж мэдэгдсэн тул бид  Стандарт хэмжил зүйн газартай холбогдон манай улсад маханд формальдегид тодорхойлох стандарт бий, эсэхийг тодруулав. Тус газраас “Олон улсад ч махан дахь формальдегидийг тодорхойлох, тухайлсан стандарт байхгүй. Харин хуванцар, нэхмэл, модонд суурилсан хавтан, дотоод агаар болон эмнэлгийн багаж хэрэгсэлд формальдегид илрүүлэх, олон улсын 30 гаруй стандарт бий. Европын холбооны улсуудад хүнсний гадаргуу, сав баглаа боодолд мөрдөх стандарт бий ч бүтээгдэхүүнээс тодорхойлдоггүй” гэсэн юм.